



















Хедж сан болох "Anson Funds" нь "Match Group" (NASDAQ: MTCH) компанийн "Төлөөлөн Удирдах Зөвлөл"-ийн тэмцэлд бэлтгэж байна. Тус компанийн 10 гишүүнтэй ТУЗ-д хэд хэдэн гишүүн нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгааг Reuters агентлаг хоёр эх сурвалжаас эш татан мэдээллээ. "Anson Funds" нь 12-р сарын эцсийн байдлаар "Match Group"-ийн нийт хувьцааны 0.6%-ийг эзэмшиж байгаа тухай зохицуулагч байгууллагад мэдүүлсэн бөгөөд Tinder, Hinge, OkCupid зэрэг онлайн болзоо аппликейшнуудын эзэн энэ компанид нэг жилийн турш дараах шаардлагуудыг тавьсаар ирсэн байна.
Хөрөнгийн хуваарилалтаа дахин бодох
Зардлаа бууруулах
"MG Asia" салбарынхаа стратегийн үнэлгээг хийх гэх мэт.
Мөн "Anson Funds" нь компанийн засаглал, удирдлагын стратеги дээр шүүмжлэлтэй ханддаг бөгөөд эдгээрийг сайжруулахыг шаардаж байгаа гэж эх сурвалжууд онцоллоо.
Одоогоор "Match Group"-ийн 10 захирлын 3 нь энэ жил сонгуульд оролцоно. Ихэнх хөрөнгө оруулагчид ТУЗ-ийн бүх гишүүдийг жилийн жилд сонгох ёстой гэж үздэг тул энэ нь гол маргаан үүсгэх цэг болоод байна.
Мөн "Anson Funds" нь "Match Group"-ийн зарим удирдах хүмүүсийн хоорондын ойр бизнесийн холбоо болон хуучин эзэмшигч "IAC/Interactive" компанитай холбогдох асуудлуудыг санаа зовоосон асуудал гэж нэрлэж, өнгөрсөн 5 жилийн хугацаанд 4 удаа гүйцэтгэх захирлаа сольсон явдлыг шүүмжилсэн байна.
Match компанийн төлөөлөгч "Манай ТУЗ нь сайн засаглал-д үнэнч, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарч ажилладаг. Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Spencer Rascoff-ын удирдлага дор бид бизнесээ өсгөх, хөрөнгө оруулагчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна" гэж мэдэгдэв.
"Anson-Funds"-ийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Өнгөрсөн жил "Anson Funds" болон "Match Group" хоорондоо 12 удаа уулзалт хийж, үүний үр дүнд компанийн зүгээс хөрөнгө оруулагчдын өдөрлөг зохион байгуулах, хөрөнгөө илүү идэвхтэй буцааж тараах гэх мэт зарим алхмуудыг авсан. Гэвч Anson-ий зүгээс энэ өөрчлөлтийн хурдац хангалтгүй гэж үзэж байна.
Тус үйл ажиллагааг удирдаж буй Sagar Gupta нь 2023 онд Anson-д ирж, компанийн идэвхтэй хөрөнгө оруулалтын (activism) чиглэлийг удирдаж байгаа юм. Мөн тэрээр өнгөрсөн 12-р сард "Five9" компанийн ТУЗ-д орсон бөгөөд өмнө нь Legion Partners дээр ажиллаж байхдаа технологи, медиа, харилцаа холбооны чиглэлээр олон хөрөнгө оруулалтыг удирдаж байсан туршлагатай.
"Match Group"-ийн зах зээлийн үнэлгээ 8 тэрбум ам.доллар байгаа бөгөөд цар тахлын үед 40 тэрбум ам.доллар байсан үнэлгээнээс огцом буурчээ. Тус компанийн хувьцааны үнэ 2025 оны 3-р сарын 10-нд 32.03 ам.доллараар хаагдсан ба энэ жилд 2%-иар унаж, сүүлийн 3 жилд 67%-ийн алдагдал хүлээсэн. Харин энэ хугацаанд S&P 500 индекс 41% өссөн байна.
Ийм уналтын улмаас "Match Group" нь идэвхтэй хөрөнгө оруулагчдын шахалтанд орсон бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж 3 идэвхтэй хөрөнгө оруулагч өөрчлөлт шаарджээ.
2024 оны эхээр дэлхийн хамгийн том идэвхтэй хөрөнгө оруулагчдын нэг болох "Elliott Investment Management" нь 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хэдэн долоо хоногийн дараа ТУЗ-д 2 шинэ захирал нэмсэн юм. 2024 оны 7-р сард "Starboard Value" компани бизнесээ сэргээж чадахгүй бол "Match Group"-ийг худалдах асуудлыг хэлэлцэхийг шаардаж байсан.
2024 оны төгсгөлд гаргасан мэдүүлэгт Elliott нь 4.8%, Starboard нь 5.8% хувьцаа эзэмшиж байжээ.
Хэдийгээр "Anson Funds"-ий эзэмшил бага ч хуульчид, банкны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өнөө үед идэвхтэй хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хэмжээ биш, нөлөөлөх чадвар нь илүү чухал болсон. Компанийн удирдлагууд ийм хөрөнгө оруулагчидтай тэмцэхэд улам үнэтэй, төвөгтэй болж байгааг онцолжээ.









