



















Хураангуй:
Хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан гэх хэрэгт Meta-ийн удирдлагуудыг буруутгаж 8 тэрбум ам.долларын хохирол нэхэмжилж байна
Шүүгдэгчид хэрэглэгчийн нууцлалыг хамгаалахад арга хэмжээ авсан гэдгээ мэдүүлжээ
Meta компанийн удирдлагууд болох Марк Зукерберг, Шерил Сандберг, Марк Андреессен, Питер Тийл, Рид Хастингс зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс мэдүүлэг өгнө
Meta Platforms компанийн хувьцаа эзэмшигчид Марк Зукерберг болон хуучин удирдлагуудын эсрэг хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэх хэрэгт 8 тэрбум ам.долларын шүүхийн нэхэмжлэл гаргасныг 2025 оны 7 сарын 16-наас хэлэлцэж эхэллээ.

Уг хэрэг нь Meta буюу хуучнаар Facebook компани 2012 онд АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC)-той хийсэн гэрээг зөрчсөнтэй холбоотой юм.
Нэхэмжлэгчдийн талд Вашингтоны Их Сургуулийн хуулийн профессор Нил Ричардс гэрчээр оролцож, "Facebook-ийн нууцлалын талаарх мэдэгдлүүд хэрэглэгчдийг төөрөгдүүлж байсан" хэмээн мэдүүлжээ.
Цагаан ордны дарга асан Жеффри Зайентс нь Meta компанийн захирлуудын зөвлөлд 2018 оны 5 сараас хоёр жилийн турш ажилласан бөгөөд тэр мөн гэрчээр дуудагдаж байна. Энэхүү хэрэг нь шүүгч Кэтэлин МакКормикийн шүүхэд шийдэгдэж байгаа бөгөөд, тангарагтны бүрэлдэхүүнгүйгээр явагдаж байна.
Зукербергээс гадна шүүхэд мэдүүлэг өгөх хүмүүсийн дунд:
Meta-ийн хуучин үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг
Захирлуудын зөвлөлийн гишүүн Марк Андреессен
Netflix-ийн үүсгэн байгуулагч Рид Хастингс
Palantir-ийн үүсгэн байгуулагч Питер Тийл нар багтаж байна.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан бол Meta компанийн зүгээс ч мөн тайлбар өгөөгүй байна. Гэвч компанийн вэбсайтад 2019 оноос хойш хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахад хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан гэж дурдсан байдаг.
Кембриж Аналитика болон Зукербергийн хувьцааны худалдаа
2018 онд Cambridge Analytica нэртэй улс төрийн зөвлөх фирм Facebook-ийн сая сая хэрэглэгчийн мэдээллийг ашигласан нь ил болсноор энэхүү хэргийг анх үүсгэсэн. Энэхүү шуугианы дараа FTC нь Facebook компанид $5 тэрбумын торгууль ногдуулсан.
Одоо Meta-ийн хувьцаа эзэмшигчид уг торгууль болон шүүхийн зардлыг шүүгдэгчид өөрсдөө нөхөн төлөх ёстой гэж үзэж байна — нийт дүн нь 8 тэрбум ам.долларыг давж болзошгүй.
Шүүгдэгчид энэ нэхэмжлэлийг "Хэт нэг талыг барьсан" гэж үзэж байгаа бөгөөд гэрээнд нийцэж байгаа эсэхийг шалгуулахын тулд гадаад зөвлөх компани хөлсөлж ажилласан гэж мэдүүлжээ. Тэд мөн Facebook өөрөө Кембриж Аналитикагийн залилангийн хохирогч байсан гэж мэдэгдэж байна.
Нэхэмжлэгчид Зукерберг Cambridge Analytica-ийн шуугианыг урьдчилан мэдэж, хувьцаагаа зараад дор хаяж $1 тэрбумын ашиг олсон гэж буруутгаж байгаа. Харин шүүгдэгч талын мэдүүлснээр, Зукерберг хувьцааны арилжааг урьдчилан баталсан “blind trust” төлөвлөгөөгөөр хийж, хувьцаа зарах шийдвэртээ өөрөө оролцоогүй гэжээ.
Шүүхийн түүхэн ач холбогдол
Энэ хэрэг нь компанийн удирдлагууд байгууллагын нууцлалын асуудал дээр санаатайгаар хяналт тавиагүй гэх ховор тохиолдлын нэг бөгөөд Делавэр мужийн компанийн эрх зүйн “Caremark claim” ангилалд хамаарч байгаа юм. Ийм төрлийн нэхэмжлэлүүдийг нотлоход хамгийн хэцүү гэдгээрээ алдартай ч сүүлийн жилүүдэд илүү олон хэрэг шүүхээр хэлэлцэгдэх болсон.
2021 онд Boeing компанийн удирдлагууд ижил төстэй шалтгаанаар $237.5 саяын тохиролцоонд хүрч байсан ч буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.
Энэхүү Meta-ийн хэрэг нь Делавэр мужийн хууль тогтоогчид компанийн хяналттай холбоотой шүүх нэхэмжлэлийн нөхцөлийг 2025 оны 3-р сард чангатгаснаас хойш болж буй анхны томоохон шүүхийн хэлэлцүүлэг болж байна. Тэрхүү хуулийн өөрчлөлт нь Зукерберг шиг олон хувьцаа эзэмшигч удирдлагуудад давуу эрх олгосон хэмээн шүүмжлэл дагуулж байв.
Марк Андреессен 7 сарын 17-нд буюу пүрэв гарагт шүүх дээр мэдүүлэг өгөх юм.









