Монгол хэлний эх тайлбар толинд Молиго гэдгийг хууран мэхлэх гэж тайлбарлажээ.
Софизм буюу Молиго хэмээх ойлголт нь хийж буй зүйл нь буруу гэдгийг мэдсээр байж хийх, бусармаг буруу үйлээ зөв болгон тайлбарлахыг хэлнэ.
Энгийн иргэд зөв бурууг ялгах чадвар сул байдгийг улстөрчид овжин ашиглаж софизмддог.
Софизм нь хувь хүнд богино хугацаандаа ашигтай мэт боловч улс орон, нийгэмд хор хохирол дагуулдаг. Тиймдээ ч ухаантнууд энэ аргаас зайлсхийдэг. Тэд молиго үмхүүлэхээс ичдэг, эмээдэг, ёс зүй нь үүнтэй зөрчилддөг.
Сонгуулийн Молиго
Сонгуулийн өмнөхөн улстөрчид, нэр дэвшигчид сонгогчдын анхаарал татах, санал авах зорилгоор биелэгдэхгүй амлалтууд өгч, эсвэл хэтэрхий сайхан мөрийн хөтөлбөр танилцуулах нь сонгуулийн молиго.
Үүнийг манай улстөрчид гаргууд эзэмшиж, сүүлийн хэдэн ч сонгуулиар софизмдов. Гэнэн, итгэмтгий иргэд хаширалгүй молигодуулж ханахгүй юм даа. Үүнийг бид элдэв татвар татаас, торгууль, даатгал нэмэгдүүлж байгаагаас харж, нийгмийн сүлжээнд бархирахаас өөрийг хийж чадахгүй нь харамсалтай.
Эрхбаригч нам ам нээх бүртээ үнэ нэмнэ гэдэг боллоо
Нэг. Хамгийн сүүлийн жишээ. Сайжруулсан шахмал түлшний чанар, стандартад эргэлзсэн нь эцэстээ үнэ нэмэгдэх шалтгаан болов. 20 мянга 800 төгрөгөөр үйлдвэрлэсэн шахмал түлшийг 3 мянга 750 төгрөгөөр борлуулж буй. Харин одоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдүүлж нүүр халаах нь тодорхойгүй ч ирэх гуравдугаар сарын нэгнээс нэмэгдэж магадгүй болоод байна.
Хоёр. Зам ашигласны татварыг ТАВ дахин нэмэгдүүлж 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг, автомашины татварыг ГУРАВ дахин нэмэгдүүлж, 36 мянгаас 200 мянган төгрөг төлдөг байсныг одоо 108 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд болгов.
Гурав. Нийтийн тээврийн автобусны тариф НЭГ мянган төгрөг болж, оюутнуудын хөнгөлөлттэй зорчилтыг цуцалж, НЭГ мянган төгрөгөөр зорчуулдаг болно. Уг журам хэзээ хэрэгжих нь тодорхойгүй ч Засгийн газрыг чиглэж буй шуурга намжсаны дараа нэмэгдэж магадгүй гэх хүлээлт бий.
Дөрөв. Жолоочийн хариуцлагын даатгал 40 хувиар нэмэгдэв. Тэр ч бүү хэл замын хөдөлгөөнд их оролцдог тээврийн хэрэгслийн туулсан км бүрд тооцож даатгалын хэмжээг нэмэгдүүлжээ.
Тав. Цахилгааны тариф 30 хувиар нэмэгдэж, дулааны үнэ 80 хувь нэмэгдэхээр болсон.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт УБ хотын иргэдийн 75 хувь нь дургүй гэх судалгаа гарчээ.
Энэ мэт торгууль, даатгалаар нийслэлийн төсөв бүрдэнэ. Нөгөө талаараа УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах шийдэл нь. Гэхдээ иргэдийн халаасыг сэгсэрлээ гээд түгжрэл буурахгүй, тэгээд ч энэ нь шийдэл биш. Нийтийн тээврийн салбар нь хөгжөөгүй, тав тухгүй, хүйтэн, зуу, зуугаараа, амьсгалах агааргүй болтлоо чихэлддэг, хэдэн цагаар ч хамаагүй хүлээлгэдэг зэрэг нь 4.7 мянган метр куб газар нутаг дээр 1.5 сая гаруйлаа амьдарч буй УБ хотыг тэлэхгүй л бол өөр ямар ч арга заль хэрэглээд нэмэргүй.
Хачир,
Болоогүй ажилтан, ажил олгогч хоёр нийлээд татвар болон НДШ-д 37 хувь төлнө. Араас нь НӨАТ тооцно гээд энэ бүхний ар дээр Молигодуулсан Монголчууд өндийх завгүй ажиллаад ажиллаад дундаж давхарга тэлэхгүй, энэ давхаргад хүрч ч амжихгүй зүтгэж явна.
Татвар, даатгалын хувь хэмжээ нэмэгдэх тусам орлого багатай иргэдэд санхүүгийн дарамт үүсэж буй. Энэ нь нөгөө талдаа иргэдийн амьдралын чанар буурч, нийгмийн бухимдал нэмэгдэх нэг шалтгаан.
Татварын хувь хэмжээг тохиромжтой түвшинд байлгах, татварын мөнгийг ил тод, үр ашигтай зарцуулдаг болох, шударга тогтолцоог бүрдүүлж, авлигыг бууруулах гээд төр өөрөөс шалтгаалах олон ажлын эхэнд иргэдээ торгоё, татварыг нь нэмье гэх бодлогоо урьтаж байгаад шүүмжлэх хүмүүс мянга мянгаараа. Ядаж л төрийн байгууллагын зардлыг оновчтой болгож, илүүдэл зардлаа танах, хэрэггүй төсөл, хөтөлбөрүүдээ цуцлах эсвэл хойшлуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, жишээ нь төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлууд хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл өөрсдөө үлгэрлэж байж бусдаас шаардах нь зүй юм.