Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ, Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа салбал
Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй.
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Энэ яваа насыг эцэслэж дуустал тэмцье!
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Үхсэний дараа сүнс байдаг юм бол
Үргэлжлүүлж бас тэмцье! хэмээн нэгэн цагт Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж шүлэглэжээ.
НҮБ: Эх хэл гэдэг нь тухайн үндэстний биет болон биет бус өвийг хадгалах болон хөгжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл.
Сүүлийн үед эх хэл сэглэгдэж буй асуудал хурцаар хөндөгдөж, үүнд буруутан хайсаар. Монгол хэлээ мэддэггүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй өсвөр үеийнхнийг чичилж буй ч тэргүүлэх боловсрол эзэмшихийн тулд Англи хэлтэй байх нь зүй. Өнөө цагт Англи хэлтэй байх нь давуу тал болж, уг хэлээр мэдлэг, мэдээлэл авах цар хэмжээлэшгүй. Энэ нь хэн хүний амьдралын чанарт нөлөөлөх нь тодорхой. Тиймдээ ч ямар ч хамаагүй үнээр хүүхэддээ Англи хэл сургах нь өөрийн дутуугаа гүйцээх гэсэн эцэх, эхийн сонирхол байж болох ч нөгөө талдаа дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэсэн туйлын хүслийг буруутгах боломжгүй. Монгол хэлтэй хүн Монголоор л сэтгэх бол хос хэлтэй хүн хоёр дахин илүү сэтгэж, гурван хэлтэй хүн гурван өөрөөр сэтгэнэ, мэднэ, танина. Тиймдээ ч Англи хэлийг эх хэлээсээ илүүтэй судалж буй манайд ЕБС-ийн сурагчид хариар соёлжиж, Монгол хэл, соёлоос алсарч буй хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж буй.
2024 оны ЭЕШ-д дөрвөн мянга гаруй хүүхэд Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй.
Цэцэрлэгээс эхэлдэг байсан гадаад хэл одоо хэлд ороход нь хамт байж юүтүбээс гадаад хэл сурч, түүгээрээ сэтгэж, гадаад соёлд суралцаж, хүмүүжсэн хүүхдүүд төрөлх хэлээрээ ярих нь утгагүй мэт санагддаг байж болох юм. Хэрэвзээ ийм хүүхдүүд олширвол бусаддаа нөлөөлөх нь гарцаагүй. Үр дагаварт нь Монгол хэлний үнэлэмж буурна. Гадаад хэл сурч, мэдсэн цөөхөн хэдхэн хүүхдүүдээс болж Монгол хэл устах нь хаашаа юм бэ? Гэхдээ тэд нийгэмд нөлөөлөгч болохын цагт даган дуурайгсаддаа муугаар үлгэрлэх эрсдэлтэй. Төрөлх хэлээрээ ярихдаа маруухан, мэдлэггүй, маяг нь хэтийдсэн олны танил гэгсэд бусдад хэрхэн нөлөөлж буйг хардаг л байх. Яриандаа ганц, хоёр гадаад үг хавчуулах нь мэдлэгтэй мэт санагддаг тэдний хувьд чаатлая, сийндэх, пааслах, крааш гэх мэт үгсээр Англи хэлтэй мэт харагдах гэсэн тэнэглэл нь тэднийг даган дуурайгсдад нөлөөлж, тоть шиг давтаад явж буйг хардаг, сонсдог. Эцэстээ энэ бол эмгэнэл болох эхлэл ч байж мэдэх.
Гадаад хэлийг төгс эзэмшсэн ч төрөлх хэлээрээ тунгалаг сайхан ярьж чаддаггүй хүмүүсийг эрдэмтэд боловсролтой, мэдлэгтэй хүн гэж тоож хардаггүй.
Юу гэх гээд байна вэ гэвэл дээр дурдсанчлан буруу үлгэр дууриалалтай хүмүүс нөлөөлөгч болчихвол эх хэлэнд халтай. Тэд хэл хувирч өөрчлөгдөхөд нөлөөлж эх хэлний амин сүнс болсон үйл үгнүүдийг харь үгээр илэрхийлж, эцэстээ хэрэглээг нь хумисаар мартагдах эрсдлийг дагуулна. Эх хэлэндээ өөрийнхөө ч тайлбарлаж чадахгүй харь үг шигтгэж хэрэглэх нь хэл эрлийзжих үзэгдэл. Бидний үе битгий хэл ахмад үеийнхэн ч мэдэхгүй, ойлгохгүй хэлээр өсвөр насныхан, 20 хэдтэй залуус, 30 эргэм насныхан гангараа мэтээр хэрэглэж байна. Үндэсний дархлаа үгүй болохын эхлэл сэтгэлгээ эрлийзжих гэж судлаачид, зохиолчид үздэг.
Эх хэлний дархлаа гэдэг нь эх хэлээ зөв, баялаг ашиглах, хэлнийхээ бүх ялгааг мэдрэх, хэлний өвөрмөц байдлыг хадгалах чадварыг хэлдэг. Энэ дархлааг хөгжүүлэх нь хүүхдийг эх хэлний гүнзгий мэдлэгтэй, эрдэмтэй иргэн болох суурь болдог.
Гадаад хэл, дэлхийн соёлоос суралцах ёстой. Гэхдээ эх хэлээрээ төгс ярьж, ойлгодог байх нь үүнээс ч илүү чухал. Дэлхий ертөнц хавтгай болж байгаа өнөө цагт аливаа нэгэн хэл мөхөх буюу мөхөх шинжиндээ орох нь туйлын гунигтай гэж НҮБ дүгнэжээ. Нийгмийн өөрчлөлт, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлс, соёлын давалгаа зэрэг нь хэл устах, мөхөхөд нөлөөлдөг. 1950-аад оноос хойш 230 гаруй хэл устаж, бүр зарим хэлнээс бичгийн дурсгал ч үлдээгүй. Харин мөхөх шинжиндээ орсон 150 гаруй хэл бүртгэгджээ.
Гадаад хэлийг тахин шүтэх болсоны цаана улс орны нийгэм, эдийн засаг, тэгш бус байдалтай салшгүй холбоотой. Анзаардаг бол өндөр хөгжилтэй улс орны хэл суръя гэхээс хөгжил буурай орны хэл суръя гэж зүтгэх хүмүүс тун ховор, бараг байхгүй. Нөгөө талдаа эх хэл эрлийзжих, мартагдах шалтгаан нь ядуурал.
Хэл гэдэг соёл, боловсрол, нийгмийн холбоо, эдийн засгийн хөгжилтэй гүн гүнзгий хамааралтай. Ядууралтай бүс нутагт хүмүүсийн хэл, соёлын онцлогийг хадгалахад хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь боловсролын хүртээмж, нийгмийн дэмжлэг, эх хэл дээр сурах боломж хязгаарлагдмал буйтай холбоотой. Жишээ нь, хүүхдүүдийн боловсролд эх хэлээ ашиглах боломжгүй байвал тэдний сурах чадвар буурч, соёлын болон хэлний мэдлэг нь гүнзгий алдагддаг. Үүний улмаас тухайн хэл аажмаар мөхөж, тухайн нийгмийн доторх соёл, зан заншил, уламжлал устаж болно. Иймээс хэлний устах, мөхөхөөс сэргийлэхийн тулд эх хэлний боловсролыг дэмжих, соёлын өвийг хадгалах, нийгэмд хэлний олон янз байдлыг хүндэтгэх нь чухал болоод байна.