



















Ням гарагт Норвегийн 2 их наяд ам.долларын хөрөнгөтэй баялгийн сан ирэх долоо хоногт болох "Microsoft" компанийн жилийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хүний эрхийн өндөр эрсдэлтэй орнуудад үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрсдэлийн талаар тайлан гаргахыг шаардсан хувьцаа эзэмшигчдийн саналыг дэмжихээ мэдэгдлээ.
Microsoft компанийн удирдлагын зүгээс энэ саналыг ирэх 12 дугаар сарын 5-нд болох жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр эсэргүүцэхийг хувьцаа эзэмшигчдэдээ зөвлөжээ.

Тус сан өөрийн вэбсайтдаа:
“Майкрософт компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанид тулгарч буй бодит тогтвортой байдлын эрсдэл, үйл ажиллагаа ба бүтээгдэхүүний байгаль орчин, нийгмийн үр дагаврыг тайлбарлан мэдээлэх ёстой” хэмээн мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том баялгийн сан 6 дугаар сарын 30-ны байдлаар Microsoft компанийн 1.35%-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь ойролцоогоор 50 тэрбум ам.доллар гэж сангийн мэдээлэлд дурдсан байна. Энэ нь Nvidia компанийн дараа тус сангийн хоёр дахь том хөрөнгийн байршуулалт юм.
LSEG-ийн мэдээллээр сан Microsoft-ийн найм дахь том хувьцаа эзэмшигч аж.
Сан мөн Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделлагийн ТУЗ-ын даргаар дахин томилогдохыг эсэргүүцэж, түүний цалингийн хэмжээг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.
Фонд мэдэгдэлдээ:
“Жилийн урамшууллын мэдэгдэхүйц хэсгийг 5–10 жилийн хугацаанд барилт хийгдэх (lock-in) хувьцаагаар олгох ёстой. Энэ нь огцрох, тэтгэвэрт гарахаас үл хамаарч хэвээр байх юм,” хэмээн онцолсон байна.
Норвегийн баялгийн сангийн ерөнхий бодлого нь компанийн гүйцэтгэх захирал давхар ТУЗ-ын даргын албыг хашихыг эсэргүүцдэг бөгөөд АНУ-ын компанийн удирдлагуудын хэт өндөр цалин хөлсний талаар байнга шүүмжлэлттэй ханддаг.
Харин цалинтай холбоотой санал хураалт (“say-on-pay”) нь зөвлөмжийн чанартай тул олонхийн санал эсэргүүцсэн ч шийдвэрт заавал нөлөөлөхгүй ажээ.









