



















Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2025 оны дөрөвдүгээр сард гаргасан “Дэлхийн Эдийн Засгийн Төлөв” тайландаа АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг эрс бууруулан гаргасан байна. Тус тайланд АНУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 1.8 хувиар өснө хэмээн таамагласан нь нэгдүгээр сард гаргасан таамгаасаа даруй 0.9 хувиар доогуур байгаа юм.
Олон Улсын Валютын Сан ийнхүү төсөөллөө бууруулсан нь АНУ-аас хэрэгжүүлж буй тарифын өсөлттэй холбоотой аж. Тус улсаас олон улсад тавьж буй тарифын бодлого хоёрдугаар сараас эхлэн нэмж энэ сард бүүр огцом өсгөсөн. Энэ өсөлт нь “Их хямрал”-ын хэмээн нэрлэгддэг 1930-аад оны тарифтай ойролцоо төвшинд хүрээд байгааг ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Пьер Оливье Гуринчас онцолж байгаа юм.
Тарифын бодлоготой холбоотойгоор импортын зардал нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ хумигдаж байгаа нь тус сан АНУ-ын инфляцын төсөөллийг 1 нэгж хувиар нэмэгдүүлэхэд мөн нөлөөлжээ.Сүүлийн хэдэн долоо хоногт хувьцааны зах зээл огцом савлаж байгаа ч, бодлого боловсруулагчид худалдааны бодлогодоо өөрчлөлт оруулахгүй байгаа нь олон улсын эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгоод байна.
ОУВС-ийн мэдээлж буйгаар бодлогын тодорхойгүй байдал болон хамгаалалтын шинжтэй худалдааны бодлого нь бизнес дэх хөрөнгө оруулалт, корпорацын итгэлцэл, санхүүгийн нөхцөл байдлыг улам муутгаж байгаа юм.
Худалдааны дайн үргэлжилбэл бүтээмжийг бууруулж, урт хугацааны өсөлтийн төлөвийг улам дордуулах эрсдэлтэй ажээ. Үүнийг ч тус байгууллагын эдийн засагчид анхааруулсаар байна.
ОУВС танилцуулсан тайландаа АНУ-ын эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр бууруулсан бол БНХАУ-ын өсөлтийг 4.0 хувь, Европын Холбооныхыг 0.8 хувь болгон бууруулсан. Харин шинэ тутам хөгжиж буй улс орнуудын эдийн засаг харилцан адилгүй байдлаар тарифын бодлогод хариу үйлдэл үзүүлэх аж. Дэлхийн эдийн засаг 2025 онд 2.8 хувь, 2026 онд 3.0 хувь өснө хэмээн шинэ таамгийг ОУВС тайландаа дурджээ.
Тарифийн бодлого нь АНУ-ын бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүй тул 2025 онд ам.долларын ханш сулрах төлөв ажиглагдаж байна гэсэн. Тэгвэл газрын тос, хувьцааны ханш 2025 онд буурч байгаа нь зах зээл тарифын бодлогод болгоомжтой хандаж буйн илэрхийлэл хэмээн тус сангийн шинжээчид дүгнэсэн байна.
ОУВС-ийн зүгээс АНУ цаашид эдийн засгийн бууралтаа зогсоохын тулд худалдааны бодлогоо тогтворжуулах, мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлэх, зорилтот төсвийн зохицуулалт (Төсөв тодотгох) хийхийг зөвлөжээ.
Даяарчлагдсан эдийн засгийн гүнзгий хуваагдлаас сэргийлэхийг хүсэж буй бол олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг мөн өгсөн байна.
Гуринчасын мэдэгдэж буйгаар “Дэлхийн эдийн засаг хямралд орохгүй ч, бодлогын ялгаа өргөжвөл тогтворгүй байдал давамгайлах шинэ эрин эхэлж магадгүй. АНУ-ын эдийн засаг тогтвортой сэргэх боломж нь ирэх саруудад гарах шийдвэрээс хамаарна” гэж мэдэгджээ.









