



















Сингапурын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том хөгжүүлэгчдийн нэг болох "City Developments Limited" (CDL)-д эцэг хүү хоёрын хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байна. "CDL"-ийн гүйцэтгэх захирал Квек Лэн Бэн хүү Шерманыг группийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь халах гэж оролдож байна. Тэрээр мөн засаглалын зөрчил болон удирдах зөвлөлд эрх мэдлийг авахыг завдсан хэргээр хүүгийнхээ эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан.
КВЕКИЙН БИЗНЕСИЙН ЭЗЭМШИЛ
Квек Лэн Бэн (84 настай) нь түүний эцэг Квек Хонг Пнг 1941 онд үндэслэн байгуулсан "Hong Leong Group"-ийн Гүйцэтгэх захирал юм.
"Hong Leong Group" нь үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, санхүүгийн үйлчилгээ, худалдаа, аж үйлдвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Уг компани 1972 онд "CDL"-ийн хяналтын хувьцааг худалдаж авсан. "CDL" 1969 онд санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан үед Квек Лэн Бэн эцэгтээ компанийн хувьцааг нэмэгдүүлэхийг санал болгожээ. Үүнээс хойш компанийн хөрөнгө оруулалтын стратегийн төрөлжилтийн үр дүнд ашигтай ажиллах болжээ. "CDL" 1980 онд King's Hotel (одоогийн Copthorne King’s Hotel Singapore)-ийг худалдан авч, зочид буудлын салбарт хөл тавьсан.
1995 онд "CDL" АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас алдарт "Plaza Hotel New York"-ийг 455 сая ам.доллараар худалдан авч, 2004 онд 675 сая ам.доллараар зарсан.
КВЕК ЛЭН БЭНГИЙН АМЖИЛТ
Квек Лэн Бэн анх хуульчийн мэргэжлээр суралцсан ч эцэг нь түүнийг бизнесийн салбарт оруулахыг хүсч байв. 1967 онд тэрээр "Hong Leong Finance"-ийн Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1974 онд "CDL"-ийн Гүйцэтгэх захирал болсон. Тэрээр 1990 онд "Hong Leong Group"-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Квек Лэн Бэн ашигтай хөрөнгийг хямд үнээр худалдан авахдаа гарамгай нэгэн гэгддэг. 2000 онд түүнийг Ази-Номхон далайн шилдэг зочид буудлын эрхлэгчээр шалгаруулсан. Өнөөдөр "CDL" дэлхий даяар 150 гаруй зочид буудал эзэмшдэг. "Forbes" сэтгүүл түүний хөрөнгийг 3.4 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.
ХҮҮ ШЕРМАНД УДИРДЛАГЫГ ӨГСӨН НЬ
Квек Лэн Бэнгийн хүү Шерман Квек (49 настай) 2010 онд "CDL"-д орж ажиллажээ. Бостоны их сургуулийг Бизнесийн удирдлагын ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн тэрээр "CDL"-ийн Олон улсын хөрөнгө оруулалтын хэлтэс, Дэд гүйцэтгэх захирлын албан тушаал зэрэгт ажиллаж байсан. 2018 онд тэрээр "CDL"-ийн Гүйцэтгэх захирал болж, 2019 онд Захирлын удирдах зөвлөлд томилогдсон.
ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ
2025 оны 2-р сарын 26-ны Лхагва гарагт Квек Лэн Бэн мэдэгдэл хийж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ мэдэгдсэн. Түүний хэлснээр, хүү Шерман нь Тэргүүлэх бие даасан захирал Филип Ли болон хараат бус гүйцэтгэх бус захирал Вонг Ай Ай нарын хамтаар удирдах зөвлөлд "төрийн эргэлт" хийхийг оролдсон гэжээ.
Уг маргаан нь нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн үйл явдлуудыг тойрон өрнөж байна. Тухайн өдөр захирлуудын зөвлөлд хоёр шинэ хараат бус захирлыг томилох тухай цахим шуудан илгээжээ. Энэ нь Хятадын цагааан сарын өмнөх өдөр тохиосон бөгөөд томилгоог яаран батлах оролдлого нь санаа зовнил төрүүлсэн гэж Квэк Лэн Бэнг мэдэгдсэн байдаг.
Тэрбээр нэр дэвшүүлэх хорооны дарга Чонг Юн Чоу эдгээр нэр дэвшүүлэлтийн талаар “Бүрэн мэдлэггүй” байсан гэж нэмж дурджээ.
Эсэргүүцэлтэй байсан ч хоёрдугаар сарын 7-нд захирлуудын зөвлөлийн хурал зарлагдав. Санал хураалт явагдаагүй боловч хэдхэн цагийн дараа томилгоог баталсан бичгээр гарын үсэг зурсан тогтоол гарсан гэж аав Квэк мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ үйлдэл нь түүний хүү болон бусад захирлууд эрх мэдлээ төвлөрүүлэхийг урьдчилан төлөвлөсөн алхам болохыг харуулж байна. Харилцаа хурцадсан нь хоёрдугаар сарын 8-нд Квэк Лэн Бэнг өөрийн хүүг группын Гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөхийг санаархсантай холбоотой. Тэрбээр үүний шалтгааныг "Урт хугацаанд гаргасан алдаануудын минь сүүлийнх" гэж тодорхойлов.
Аав Квэк хүүгийнхээ удирдлага дор гаргасан бизнесийн шийдвэрүүд нь "CDL"-ийг хүнд нөхцөл байдалд оруулсан гэж үздэг бөгөөд үүнд 2020 онд Хятадын "Sincere Property" компанид хийсэн "CDL"-ийн 1.9 тэрбум сингапур долларын хөрөнгө оруулалт болон Их Британид хийсэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын тааруухан үр дүн багтана. "Sincere" компанитай хийсэн хэлэлцээр нь "CDL"-ийн Хятад дахь хамгийн том өргөтгөл болох ёстой байсан боловч COVID-19 цар тахал төлөвлөгөөнд саад учруулсан. Мөн Хятадын компани санхүүгийн хувьд хүлээгдэж байснаас ч дор байдалтай байсан нь тодорхой болсон.
Квэк овгийнхны хоорондох харилцаа анх удаа хурцадсан явдал биш юм. 2020 онд Квэк Лэн Бэнгийн үеэл Квэк Лэн Пек CDL-ийн Гүйцэтгэх бус, хараат бус бус захирлын албан тушаалаасаа огцорсон. Тэрбээр энэ албан тушаалд 30 гаруй жил ажилласан бөгөөд Sincere компанид хөрөнгө оруулалт хийх асуудалд санал зөрөлдсөний улмаас огцорч буйгаа мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг Шерман Квэк тэргүүлж байсан юм. Түүний огцролт хэвлэлийн анхаарлыг татаж, Bloomberg үүнийг "Квэк гэр бүлийн дунд ховор тохиолдох нийтийн маргаан" хэмээн онцолж байв. Хэрэв Квэк Лэн Бэнгийн хүүгийнхээ эсрэг гаргасан хууль эрх зүйн арга хэмжээ амжилттай болвол Шерман Квэкийг огцруулсан тохиолдолд Квэк Эйк Шэнг түр хугацаанд группын Гүйцэтгэх захирлаар ажиллах юм. Квэк Лэн Бэнг лхагва гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ түүний хүү болон түүнтэй хамтран ажиллаж буй бусад захирлууд шүүх хуралдааны дараа цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхаар тохиролцсон гэж мэдэгдэв.
Шинээр томилогдсон хоёр захирал шүүхийн дараагийн шийдвэр гартал захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэг хүлээжээ.
Шерман Квэк болон бусад захирлууд зөвлөлийн хороодын бүтэцтэй холбоотой цаашдын аливаа өөрчлөлт хийхээс түдгэлзэхээ амласан гэж ахмад Квэк онцлов.









