



















Японы нийслэл Токио хотын гял цал технологийн цамхагуудаас хол, умардын намуухан жижиг хот Морёокад ихэр ах дүү Такая, Фумито Мацуда нар бизнес ба бүтээлч сэтгэлгээгийн дүрмийг шинээр бичиж байна. HERALBONY стартап нь долоон жилийн хөгжлийнхөө явцад хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний өнгөлөг, илэрхийлэлтэй бүтээлийг дэлхийн брэнд болгон таниулах ажлыг хийж байгаа юм.

HERALBONY-ийн эрхэм зорилго болох “Өнгийг цацраа” нь үнэлэмж, авьяасын талаарх уламжлалт ойлголтыг сорьж, нийгмийн оролцоог урлагаар дамжуулан дэмжихийг зорьдог аж.
“Бидний зорилго бол урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг өөрчлөх” хэмээн ахтайгаа (аутизмтай) урам зориг аван HERALBONY-г байгуулсан Такая Мацуда өгүүлсэн юм.
HERALBONY Японд ч, гадаадад ч танигдаж чадсан. 2024 онд тус компани LVMH Innovation Awards 2024-ын “Ажилтны туршлага, олон талт байдал ба оролцоо” ангилалд шагнал хүртэж, уг нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Япон компани болсон. Мөн LVMH-ийн стартап акселератор хөтөлбөрт хамрагджээ. Түүнчлэн, Парист охин компаниа нээж, дэлхийн хамгийн том стартап инкубатор болох Station F-т нэгдсэн. 2025 онд HERALBONY Каннын Lions наадмын “Glass: The Lion for Change” төрөлд Алтан арслан хүртсэн.

Эхний бүтээгдэхүүн нь урлагийн бүтээл бүхий өнгөлөг, өвөрмөц “ART NECKTIE” буюу хүзүүний зангиа байв.
Японы Засгийн газар 2022 онд “Стартап хөгжлийн таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2027 он гэхэд стартапт оруулах хөрөнгө оруулалтыг 10 дахин нэмэгдүүлж, 10 их наяд иен хүргэх зорилт тавьжээ. Мөн нийт 100,000 стартап, тэр дундаа 100 “нэг эвэрт” компани (үнэлгээ нь 1 тэрбум ам.доллараас дээш стартап хэлдэг)-ыг бий болгохоор төлөвлөсөн.
Засгийн газар 13 хотыг “Стартапын бааз хот” болгон зарлаж, их дээд сургууль, орон нутгийн захиргаа, хөрөнгө оруулагчид, хувийн компаниудыг хамтран ажиллахыг дэмжиж байна.
“Стартапууд нь шинэ технологи, бизнесийн загвараар шинэ зах зээл бий болгож, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд ДНБ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өөрчлөлтийг хурдасган, олон улсад өрсөлдөх чадварыг бэхжүүлдэг” гэж Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Инноваци ба стартап дэмжих хэлтсийн захирал Хироши Ишикава хэллээ.
2023–2024 онд стартапуудаас бий болгосон эдийн засгийн үнэ цэнэ 15%-иар өсч, 22.33 их наяд иен болсон. Мөн уламжлалт байдлаар эрсдэлээс зайлсхийдэг дунд насныхан хүртэл стартапын салбарт ажиллаж эхэлсэн байна. 40 ба түүнээс дээш насныхны стартап руу шилжих хувь 2015–2023 оны хооронд 7 дахин өсжээ.
Засгийн газрын гол бодлого бол дэлхийн хамтын ажиллагаа юм. METI-ийн удирдсан J-StarX хөтөлбөр Японы стартапуудыг АНУ, Франц, Канад, Австрали, АНЭУ, Малайз зэрэг инновацийн төвүүд рүү илгээж, олон улсын сүлжээний талаар туршлагажиж, мэдлэгтэй болоход дэмждэг.
2023 онд Калифорнийн Пало Алтод Japan Innovation Campus (JICampus) байгуулагдсан юм. Энд ойролцоогоор 100 стартап дэмжигдэж, хамтын оффис, акселераторуудын зөвлөгөө, бизнес хөгжлийн боломжуудыг олгож байна.
JETRO-ийн Global Acceleration Hubs санаачилга нь чухал зах зээлүүдэд акселераторуудтай хамтран Японы стартапуудын гадаад тэлэлтийг дэмжиж, үнэ төлбөргүй зөвлөгөө, ажлын байр санал болгодог.
Мөн Global Startup Campus (GSC) санаачилга нь Токио хотын Шибүя-Мэгүро дүүргийг deep-tech судалгаа, акселераци, авьяас хөгжлийн дэлхийн төв болгох зорилготой юм.
Окинавад үүсгэн байгуулагдсан EF Polymer нь Энэтхэгээс ирсэн залуу бизнес эрхлэгч Нараян Лал Гуржарын байгуулсан хөдөө аж ахуйн технологийн стартап юм.
Энэхүү компани жүрж, гадилын хальсаар хийсэн 100% байгалийн гаралтай, био-задралд ордог, маш их ус шингээдэг полимер үйлдвэрлэдэг. Энэхүү материал нь өөрийн жингээс 50 дахин их ус шингээж, хөрсийг чийг, шим тэжээл хадгалах чадварыг нэмэгдүүлдэг тул ургац нэмэгдэж, усалгаа, бордооны хэрэгцээг бууруулдаг.
Талбайн туршилтаар фермерүүдийн ургац 20% хүртэл нэмэгдсэн байна. Компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш АНУ, Франц, Энэтхэг, Япон зэрэгт 500 гаруй тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Саяхан 10 тэрбум иений В цувралын хөрөнгө татан авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэн олон улсын зах зээлд нэвтэрч байна.
EF Polymer нь Окинавагийн стартап экосистем, тэр дундаа шинжлэх ухаанд суурилсан бизнесүүдийг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлдэг OIST инкубатор-оос томоохон тус дэмжлэг авчээ.
“Би багаасаа Японы технологи, соёлыг биширч ирсэн. Окинавагаас авсан дэмжлэг маань 100% байгалийн полимерийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. Энэтхэгийн залуу эрч хүч болон Японы технологийн хүчийг хослуулснаар бидний амжилтын гол түлхүүр болсон гэж би итгэдэг” хэмээн Гуржар хэлэв.
Японы стартап салбарын эрч хүчийг 9-р сард болох Global Startup EXPO (GSE) 2025-д бүрэн харуулах болно. Энэхүү арга хэмжээ нь METI, JETRO, NEDO-той хамтран Осака–Кансай Экспон талбайд зохион байгуулагдана.

Арга хэмжээнд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид оролцож, эрүүл мэнд ба урт наслалт, тогтвортой амьдрал, шинэ технологийн дүрэм журам зэрэг чухал сэдвийг хэлэлцэнэ.
“Стартапуудтай хамт ирээдүйг бүтээх — Дэлхийн сорилтыг хамтын ажиллагаагаар даван туулах” уриан дор явагдах GSE 2025 нь стартапын үзэсгэлэн, гол илтгэл, танилцуулгын тэмцээн, олон улсын сүлжээ үүсгэх арга хэмжээгээр дамжуулан Японы стартапуудыг дэлхийд таниулах томоохон тавцан болох юм.

HERALBONY, EF Polymer зэрэг компаниуд, мөн GSE 2025 шиг арга хэмжээнүүд нь өнөөдрийн Японы стартапын салбарын өргөн цар хүрээг харуулж байна. Үндэсний зоримог бодлого, бүс нутгийн өргөжиж буй экосистем, шинэ үеийн эрхэм зорилготой үүсгэн байгуулагчдын хүчээр Японы стартапууд дэлхийн сорилтуудыг өөрсдийн оюун ухаанаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ эрч хүч зөвхөн шинэ эдийн засгийн өсөлтийг өдөөхөөс гадна, Японы ирээдүйн эдийн засагт амжилтын тухай ойлголтыг шинэ түвшинд гаргах юм.









