



















"Subway"-ийн нэгэн үйлчлүүлэгч ажилтанд талархал илэрхийлж, урамшуулал өгөхийг хүссэн ч ажилтан гарын мөнгийг авахаас татгалзсан байна. Учир нь тус сэндвичний сүлжээний ажилтнууд өгөөмөр үйлчлүүлэгчдийн өгсөн гар цайлгалтыг авах эрхгүй гэсэн тайлбарыг өгчээ. TikTok хэрэглэгч TeyTey (@teytey0512), өөрөө өмнө нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан бөгөөд нэгэн ажилтан сэндвич хийхдээ маш эелдэг байсан тул түүнд талархал илэрхийлэхийг хүссэн тухайгаа хуваалцжээ. “Би кассан дээр ирээд, өөрөө үйлчилгээний салбарт ажиллаж байсан учраас үргэлж урамшуулал үлдээдэг. Би нийт үнийн дүнгийн 20%-иар бодож гар цайлгахаар бөглөсөн” гэж TeyTey хэлжээ.
Гэвч ажилтан гайхмаар хариу үйлдэл үзүүлсэн байна.
“Тэр надад ‘Хүлээгээрэй. Надад урамшуулал бүү өг’ гэж хэлсэн” хэмээн гайширсан TeyTey бичсэн байна.
“Тэр надад Subway-ийн ажилчид урамшууллаа авдаггүй. Харин энэ мөнгө шууд компанийн төв рүү шилждэг гэж хэлсэн.” хэмээжээ.
TeyTey уг үйлдлийг шүүмжилж, "Subway-ийнхан хамгийн бага цалинтай ажилчдын урамшууллыг (Гарын мөнгө) авах нь үнэхээр ичгүүртэй зүйл” гэж хэлсэн байна.
“Би олон жил үнэнч хэрэглэгч байсан, гэхдээ энэ бол үнэхээр таагүй санагдаж байна. Магадгүй дахиж хэзээ ч очихгүй байх. "Subway", та нар илүү сайн байгаарай, эс бөгөөс хүмүүс та нарыг бойкотлох болно" гэж тэр онцолжээ.
Компани ажилчдынхаа урамшууллыг авах нь хууль ёсны юу?
АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, ажил олгогч болон менежерүүд ажилчдын урамшууллыг авахыг хориглодог. Урамшуулал нь тухайн ажилтанд зориулагдсан өмч гэж тооцогддог. Гэхдээ ажил олгогч нь урамшууллыг ажилчдын дунд тэгш хуваарилах "урамшууллын сан" үүсгэж болно. Гэвч менежерүүд болон удирдлагууд энэ сангаас мөнгө авах эрхгүй гэж заасан байдаг.
"Subway" үнэхээр ажилчдын урамшууллыг авдаг уу?
Зарим хүмүүс "Subway" нь франчайзын системээр ажилладаг тул тус бүрийн эзэмшигч өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг гэж тайлбарлажээ.
"Миний хүү "Subway"-д ажилладаг, бэлэн мөнгөөр өгсөн урамшууллыг өдөрт нь хуваадаг. Харин картын урамшуулал нь цалин дээр нь ордог. "Subway"-ийн салбарууд бүгд хувийн тус тусын эзэмшилтэй тул энэ нь тухайн эзэмшигчийн асуудал болохоос "Subway" компанийн нийтлэг бодлого биш" гэж нэг хэрэглэгч бичжээ.
"Би "Subway"-д ажилладаг найзаасаа лавлахад тэр урамшууллаа авдаг гэж хэлсэн" хэмээн өөр нэг хүн тайлбарлав.
"Энэ нь салбараас шалтгаалдаг. Би нэгэн бие даасан "Subway"-д ажиллаж байсан, нөхцөл байдал муу байсан ч тэд картын урамшууллыг хувааж, цалин дээр нь нэмэж өгдөг байсан" гэж өөр нэг хэрэглэгч бичжээ.Гэсэн хэдий ч зарим хүмүүс Subway-ийн ажилчид “урамшуулал авахгүй” гэсэн товчийг үйлчлүүлэгчээс өмнө дарж байсныг анзаарчээ.
“Одоо би ойлгож байна. Яагаад зарим кассчин 'урамшуулал өгөхгүй' гэсэн товчийг өөрөө дарчихдаг байсан юм бэ?” гэж нэг хэрэглэгч бичсэн байна.
"Миний охин өмнө нь "Subway"-д ажилладаг байсан. Тэд зөвхөн үйлчлүүлэгчээс шууд гар дээрээ авсан бэлэн мөнгөний урамшууллыг л авч болдог байсан гэж надад хэлсэн" гэж өөр нэгэн хуваалцав.
Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?
TeyTey нь Subway-ийн урамшууллын асуудлыг анх удаа гаргаж ирсэн хүн биш юм. 2023 онд Daily Dot мэдээлэхдээ өөр нэг Subway-ийн ажилтан дэлгүүрийн эзэн нь урамшууллыг өөрөө авдаг байсан гэж үйлчлүүлэгчдэд хэлсэн талаар дурдсан байна. Олон "Subway"-ийн ажилчид TeyTey-ийн яриаг дэмжиж, тэдний франчайз ч бас урамшууллыг нь олгодоггүй гэж баталжээ. "Манай "Subway" биднийг ажилд авахдаа картын урамшууллыг сар бүр хоёр удаа өгнө гэж хэлсэн. Гэвч яг тараахын өмнө 'касс дутаад байна' гэсэн шалтгаанаар энэ мөнгийг авч байсан" гэж нэгэн ажилтан бичжээ. "Бид ч гэсэн үүнтэй ижил зүйл хэлдэг байсан. Гэхдээ бид урамшууллын тусдаа хайрцагтай байсан учраас тэрийг авч чаддаг байсан" гэж өөр нэг ажилтан нэмж хэлсэн байна.
Үйлчлүүлэгчид үүнд хэрхэн хандаж байна?
Олон үйлчлүүлэгч энэ асуудлыг мэдээд ажилчдад урамшуулал үнэхээр очдог эсэхийг шалгаж байж өгөх ёстой гэжээ.
"Би үргэлж "Энэ урамшуулал үнэхээр танд очих уу?" гэж асуудаг" гэж нэг хүн бичсэн байна.
"Одоо би хаана ч урамшуулал үлдээхээсээ өмнө ажилтнаас нь асуух болно" гэж өөр нэг хүн нэмж хэлжээ.
Зарим хүмүүс бэлэн мөнгөөр урамшуулал өгөх нь хамгийн найдвартай арга гэдгийг онцолж байна.
"Картын урамшуулал битгий өг. Ихэнхдээ энэ нь ажилчдад очдоггүй!" гэж нэг хэрэглэгч анхааруулсан аж.
"Одоо би урамшуулал өгөхдөө бэлэн мөнгө авч явна" гэж өөр нэг хүн бичжээ.
"Тийм ч учраас би дэлгэц дээр урамшуулал үлдээдэггүй!" гэж гурав дахь хүн хэлсэн байна.
"Daily Dot"-ийнхон TikTok дээр TeyTey-ээс тодруулга авахыг оролдсоноос гадна "Subway" компанид мөн и-мэйлээр асуултаа илгээжээ.
ХАРИН МОНГОЛ УЛСАД ГАНЦ "SUBWAY" ГЭЛТГҮЙ РЕСТОРАН, БАРНУУД ЯАДАГ ЮМ БОЛ?









