



















Ажил дээрээ менежертэйгээ сайн харилцаатай байх нь олон сайн талтай. Хамгийн чухал нь тушаал дэвших, цалингаа нэмүүлэхэд дарга чинь гол үүрэг гүйцэтгэдэгт байгаа юм. Сайн менежер, таныг ажилдаа амжилт гаргах болон карьераа ахиулахад тусладаг бол муу захирал таны 9 гэсэн үзүүлэлтийг 5-руу хүртэл буулгаж чаддаг, түүнчлэн таны ажиллах эрч хүч, урам зоригыг 9-ээс 9-ын түвшинд хэвээр хадгалахад саад болж, үргэлж мохоож байдаг аюултай нэгэн. Муу захиралтай ажиллахын тулд түүнийг хэрхэн “аргалж” болох, ажлын байран дахь карьераа хянахад өөрийгөө бэлтгэх юм. “Хамгийн чухал нь захирлын муу зангын ард сайн, муу, эсвэл хайхрамжгүй ямар нэг санаа нуугдаж байгааг ойлгох явдал. Нэгэнт аашийг нь ойлгоод сурчихвал түүнтэй ажиллахад амархан байх болно” гэж “Ажлын Байран Дахь Зөрчил ба Муу Хүмүүстэй Хэрхэн Харьцах Тухай” номын зохиолч Вивиан Скотт бичжээ. Ингээд тантай таарч болох магадлал өндөртэй, хамгийн муу таван боссын зан чанар, тэднийг хэрхэн “аргалж” болох тухай өгүүлье.
Яах Гээд Байгаа Нь Мэдэгдэхгүй Захирал
Хьюстоны зөвөлгөө өгөх “Cohegic Corp” фирмийн ерөнхийлөгч Рави Катуриа, нэг удаа юу бодож байгаагаа тодорхой илэрхийлдэггүй хүнтэй ажилласнаа дурссан байдаг. “Тэр багынхаа менежментийг дандаа хоёрдмол байдалд оруулдаг байсан. Түүгээрээ тэр сайн шийдвэр гаргаж чаддаг гэж өөрийгөө боддог байсан” гэж Катуриа ярив. "Жинхэнэ амьдрал дээр түүний стратеги бүтэлгүйтсэн. Учир нь менежментийн хувьд эргэлзээтэй шийдвэр гаргадаг. Багынхан нь түүнтэй яаж харьцах, юу хийхээ мэдэхээ болчихдог” гэж тэр нэмж өгүүлэв. (“Cohegic Corp” ерөнхийлөгч Рави Катуриа)Зөрүүд удирдагчтай ажиллахын тулд түүнийг сайн шахаж, бодлыг нь сонсох хэрэгтэй. Хэрвээ тэр “Би та нарыг амжилттай ажиллахыг хүсч байна” гэж хэлбэл та “Ямар амжилтыг та биднээс хүлээж байна?” гэж асуу. Тэгээд түүний урьдчилж тооцоолж байгаа боломжит бүх хувилбарыг асууж мэдэхийг хичээ. Жишээ нь: Tа хэдэн хувийн борлуулалт хийнэ гэж бодож байна? эсвэл Төслийн хэрэгжилтийн хугацаа таныхтай таарч байна уу? гэдэг ч юм уу. Түүнтэй байнга шахуу уулзаж, санааг нь мэдэхийн тулд ичих хэрэггүй. Хэрвээ босс чинь загас бариулахаар чамайг явуулбал яг ямар загас барих ёстойгоо заавал мэдэж байж явах хэрэгтэй.
Хямсагнуур Захирал
Чиний хөдөлгөөн бүрийг хэн нэгэн ажиглаад байвал чамайг бухимдуулж, уурыг чинь ч барж магадгүй. Ийм байдалд орохгүйн тулд хямсагнуур захиралыг юу өдөөдөг болохыг хэзээ ч мартаж болохгүй. “Тэд өөрсдийн нэр төрийг хамгаас эрхэмлэдэг. Түүнчлэн ажлын эцсийн үр дүн тэдэнд хамгаас чухал байдаг” гэж Скотт бичжээ. Хямсагнуур захирлыг “аргалах” хамгийн шилдэг арга бол тэдэнтэй зайнаас хааяа нэг харьцах бус, байнга тааралдаж байх явдал. Онцын шаардлагагүй байсан ч байнга нүдэнд нь харагдаж байх ёстой. Тэгээд аль болох түүнээс хол, гэхдээ байнга ажил хэргийн холбоотой байдаг багт, өөр удирдлаган дор ажиллахыг хичээ. Энэ нь боломжгүй бол боссынхоо “мэдлэг нь хүрдэггүй” хэлтэст мэргэжилтнээр ажиллах хэрэгтэй гэж Скотт санал болгож байна. Учир нь тэр таниас илүү гарах мэдлэггүй гэдгээ ойлгоно. Цаашлаад та азтай байх юм бол түүнд хамгийн их хэрэгтэй мэргэжилтэн нь болж болох юм. “Та түүний хямсагнуур занг засаж чадахгүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс түүний анхаарлыг ажилд орсон эхний өдрөөс татахыг хичээ” гэж Скотт бичжээ. Таныг нүд салгалгүй ажиглаад байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл түүнд, таны ажил үүргийн хуваарьтай холбоотой ямар нэг санаа, эсвэл дутагдал байна уу гэдгийг асууж ярилц. Энэ нь түүнийг эргэлзээг бүрэн гаргаж өгөөд зогсохгүй, хорон санаат ажиллагаанаасаа таныг хасахад ч хүргэж болох сайн талтай.
Дарамтлах Дуртай Захирал
Дарамтдах дуртай захирал таны үдийн цайг хулгайлахгүй ч ажлаас гадуурх орлогыг чинь харин түйвээж мэдэх юм. Түүний сэтгэлд нийцтэл ажил хийх үнэхээр хэцүү. Солт Лейк хотоос ирсэн PR-ын мэргэжилтэн Жина, хуучин захирал нь хэтэрхий шүүмжлэдэг байсан тухай ингэж ярив. "Тэр эргэн тойрондоо ажилладаг хүмүүсийг тэнэг, эсвэл ямар ч чадваргүй гэж үргэлж үздэг. Бусадтай харьцахдаа маш захирангуйгаар, нүдээ том болгож ирээд “Өө бурхан минь, ямар утгагүй санаа вэ?” гээд шүүмжилж гардаг аж. Туслах нь түүнээс үхтлээ айдаг. Хэрвээ түүнээс юм асуувал эргүүлээд доромжилдог. Энэ нь ажлын газрынх нь уур амьсгалыг бүрэн эвддэг байсан" гэж Жина дурсав. Дарамтлах дуртай захиралтай харьцах эхний алхам бол та хийсэн ажлаа маш сайн мэддэг байх. Хаанаас нь ч асуусан шууд хариулахад бэлэн байх явдал. Ийм төрлийн захирал ажлын үр дүнд бүх анхаарлаа хандуулж, дээрээс нь ажлаа яг одоо хийж дуусгах ёстой гэсэн зарчим баримтладаг. Дарамтлах дуртай захирлын тухай Виржинагийн “Strategic Alignment Partners” фирмийн сэтгэл зүйч шинжээч Гейл Аббот “Тэдний юу хүсээд байгааг, юунд сэтгэл нь ханадаг болох, ямар үйлдэл баярлуулдаг болохыг эхлээд мэдэх хэрэгтэй. Ийм төрлийн хүмүүст өөртөө итгэлтэй, шударга хүн их таалагддаг. Хэрвээ тэд үүнд дургүй бол туршсан асуулт тавьж, эсвэл өнгөрсөн зүйлийн тухай ярихгүй хэрэггүй байдаг” гэж зөвлөв. Тэдэнтэй харьцах бас нэг арга нь шийдвэрлэж болох амархан асуудал байсан ч түүний саналыг авч, өөрөөр нь сонголт хийлгэх юм. Энэ арга маш үр дүнтэй. Учир нь дарангуйлагчид бие даан шийдвэр гаргах дуртай байдаг гэж Аббот өгүүлэв. Хэрвээ тэр таныг үргэлж дарамтлаад байвал түүнээс юуг буруу хийснээ эмээлгүй асуух хэрэгтэй. Түргэн ууртай, бухимдангуй захирал ингэж асуухаас нааш тантай яаж харьцаж байгаагаа сайн ухаараагүй байдаг. Эцэст нь, захирал чинь өөрийнхөө өмчид түрэмгий ханддаг бол та эртхэнээс ажлаас гарах өргөдлөө бэлдэж байсан нь дээр. Амьдрал өөрөө богинохон шүү дээ.
Өөрийгөө Дээгүүрт Боддог Захирал
Зарим менежерүүд юм л бол би, би, би гэж ярих дуртай байдаг. “Тэд ажлаа зөвхөн өөрсдөө удирдахаас гадна бусдаар тойрон хүрээлүүлэх дуртай байдаг” гэж “Захирлаа Удирдах нь: Ямар ч Төрлийн Захиралтай Харьцах Арга” номны зохиолч, “Bacardi-Martini” хүний нөөцийн фирмийн захирал Гонзаг Дуфор бичжээ. Өөрийгөө дээгүүрт боддог захиралтай ажиллах нь залхмаар байдаг ч тэднийг аргалахад хамгийн амархан байдаг аж. “Хэрвээ та ухаантай бол, түүний гаргасан төлөвлөгөөнөөс бүгдийг хялбархан ойлгож болно” гэж Дуфор өгүүлэв. Өөрийнхөө зохион бүтээсэн программ хангаж түүнийг цагийг хэр хэмнэж өгөхийг хэл. Таны дэвшүүлсэн шинэ санаа борлуулалтын хэмжээг хэр өсгөж өгөхийг тоо баримттай нь танилцуул. Эсвэл түүний ажлыг дээд зэргээр гүйцэтгэхэд та хэрхэн туслаж чадахаа хүртэл ярьж өг. Тэгээд захирлынхаа ихэрхүү занг өөртөө ашигтайгаар эргүүлж бай. Хэрвээ та түүнийг сайн гэж магтуулж чадах юм бол та түүнд хамгаас үнэтэй ажилтан нь болно. Мөн таны ажилд бусдаас илүү туслах болно.
Найз Шиг Захирал
Захиралтайгаа найз нөхдийн харьцаатай байна гэдэг муу зүйл биш. Чиний эргэн тойронд захирал чинь байх дуртай бол, тэр таныг өөрийнхөө багт байлгаж, хамтдаа амжилтанд хүрэхийг хүсч байна аа гэсэн үг. Гэхдээ найз нөхдийн хүрээнд болсон бяцхан ярилцлага маш эвгүй хов болдогыг битгий март. Чиний хамгийн дотны найз баг дотроо тагнуулын үүрэг гүйцэтгэж байхыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэр, чамтай ажилладаг хүмүүсийн талаар муулж байвал чамайг ч бас муулна гэдгийг сарын цалингаараа мөрийцэхэд ч бэлэн байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх зүйл бол захирлынхаа санааг мэдэх. Зарим хүмүүс хэн нэгэнд таалагдахыг хүсдэг. Тандаад ч юм уу, эсвэл өдсөн маягтай яриаг чамтай өрнүүлэхийг хичээгээд байвал түүнээс шууд зайгаа барьж, харьцахгүй байх хэрэгтэй. Хэрвээ чамд захирлынхаа эсрэг ашиглаж болохоор хов байгаад түүнийг ярьсан бол тэр эргээд хэзээ ч чамд итгэхгүй. Хаана ч байсан ярианы чинь сэдэв хэтэрхий хувийн чанартай болж эхлэвэл, сэдвээ хурдан өөрчилж өчигдөр орой үзсэн кино ч юм уу, эсвэл зурагтаар гарч байгаа жүжиг рүү анхаарлыг нь хандуулахыг хичээгээрэй.









