




















2024 оны наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Тяньжин боомтод Монголын 5100 орчим чингэлэг байна.
БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй чингэлэг наймдугаар сарын 19-ний байдлаар 5100 орчимд хүрснийг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээлжээ. Энэ сарын 1-19-ний хооронд тус боомтоос Эрээн, Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарсан. Чингэлгүүд Тяньжинд хүргэгдсэнээс хойш дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигддаг байна. Импортын ачааны 50 хувийг Япон, БНСУ-аас оруулж ирж буй автомашинууд эзэлдэгийг салбарын холбооноос мэдээлсэн.
Чингэлгийн бөөгнөрлийг багасгахын тулд яаралтай ачаануудыг эхлээд Улаанбаатар луу илгээж, үлдсэнийг нь боломжит гаалийн хяналтын бүсүүдэд буулгахаар ажиллаж буйг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан хэллээ.
Тухайн боомтод өнгөрсөн хавраас хойш чингэлгийн бөөгнөрөл үүссэн юм. Монгол руу гарч буй галт тэрэгний цувааны тоог бууруулсан, хуучин автомашины импорт нэмэгдсэн зэрэг нь бөөгнөрөл үүсэх шалтгаан болжээ.
Үүнээс гадна Монгол Улсын төмөр замын ачаа татан авах хүчин чадал, терминал, тээвэр логистикийн асуудал нөлөөлж буйг Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч онцолсон юм. Тяньжинаас Улаанбаатарыг чиглэсэн тээвэр логистикийн асуудлыг бүрэн шийдэж байж энэ асуудлыг шийдэх боломжтой. Үүний тулд хөрш оронтойгоо сайн гэрээ хэлэлцээр хийж, хуурай боомт байгуулах шаардлагатайг тэрээр тодотгосон.
Чингэлгийн хүлээгдэх хугацаа уртассанаар тээврийн зардал өсөх болсон. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар инфляцын өсөлтийг өдөөх боломжтой. Энэ нөхцөл байдал богино хугацаандаа шийдэгдэхгүй, он дуустал үргэлжлэх төлөвтэй байна.









