



















"Uber One" үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр хэрэглэгчдийн идэвхийг нэмэгдүүлж, захиалгын тоог өсгөжээ.
20 тэрбум ам.долларын хувьцаа эргүүвэн худалдаж авах хөтөлбөр эхлүүллээ.
Uber-ийн 3-р улирлын захиалгын төлөв шинжээчдийн таамгаас давжээ.
Лхагва гарагт Uber Technologies Inc. (UBER.N) компани 20 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдаж авах (buyback) төлөвлөгөөгөө зарлаж, 3-р улирлын нийт захиалгын хэмжээг (gross bookings) Уоллстритийн таамгаас өндөр байхаар төсөөлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь тэдний төлбөртэй үнэнч хэрэглэгчдийн хөтөлбөрийг улам олон хүн ашиглаж эхэлсэнтэй холбоотой аж.

"Uber One" нэртэй сард 9.99 ам.долларын төлбөртэй энэхүү хөтөлбөрийн хэрэглэгчдийн тоо 2025 оны 6-р сард жилийн өмнөхөөс 60%-иар өсч, 36 саяд хүрсэн байна. Нийт захиалгын гуравны нэгээс илүү нь эдгээр хэрэглэгчдээс орж иржээ.
Эдгээр хэрэглэгчид нь Uber компанид маш чухал бөгөөд нэг үйлчилгээ авдаг хэрэглэгчтэй харьцуулахад 3 дахин их ашиг өгдөг аж.
Илүү олон хэрэглэгчийг хөтөлбөрт татахын тулд Uber компани 5-р сард долоо хоног үргэлжилсэн сурталчилгааны кампанит ажил явуулж, унаа, хоол хүргэлт, хүнсний бараа зэрэгт хямдрал урамшуулал олгожээ. Энэхүү долоо хоногийн хугацаанд компанид 500,000 шинэ хэрэглэгч нэмэгдсэн байна.
Uber-ийн хувьцаа 2025 онд S&P 500 индекс дэх хамгийн амжилттай өссөн хувьцаануудын нэг болж, 48%-иар өссөн.
Uber болон түүний өрсөлдөгч Lyft (LYFT.O) компанид хөрөнгө оруулагчид Хойд Америкийн зах зээл ханасан үед ч өсөлтөө хадгалах эсэхэд анхаарч байна.
Uber 3-р улиралд нийт захиалгын дүнг 48.25 тэрбум аас 49.75 тэрбум ам.доллар байна гэж тооцоолж байгаа бол шинжээчдийн дундаж таамаг нь 47.3 тэрбум ам.доллар байсан юм.
Энэхүү төлөв нь Uber-ийн 2-р улирлын 18.2%-ийн өсөлттэй захиалгын дүнгийн үргэлжлэл аж. Уг өсөлт нь Uber-ийн хоол хүргэлтийн бизнес 24.6%, унааны үйлчилгээ 18.8%-иар тус тус өссөнтэй холбоотой.
Түүнчлэн Uber компанийн хоол хүргэлтийн салбар нь 2022 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг энэ улиралд үзүүлсэн ба үүнд Uber One үнэнч хэрэглэгчдийн хөтөлбөр ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Uber компанийн хувьд 6-р сард ажлын өдрүүдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн нь өсөлтөд түлхэц болжээ. “Price Lock Pass” гэх 2.99 ам.долларын захиалгын эрхийг авсан хэрэглэгчид сард дунджаар 6 удаа нэмэлт зорчих үйлчилгээг ашиглажээ.
Энэ захиалгын эрх нь тодорхой маршрутын үнийг тогтмол байлгах зорилготой ба одоогоор АНУ болон Бразилын 10 гаруй томоохон хотод хэрэгжиж байна.
Uber-ийн 2-р улирлын цэвэр ашиг нэгж хувьцаанд 63 цент болж, өмнөх жилийн 47 центрээс өссөн бөгөөд энэ нь шинжээчдийн таамагтай нийцэж байгаа аж.
Компаниас мэдээлснээр, 3-р улиралд тохируулсан цэвэр ашиг (adjusted core profit) нь 2.19 – 2.29 тэрбум ам.доллар байна гэж тооцоолж байгаа нь шинжээчдийн дундаж таамаг болох 2.22 тэрбум ам.долларыг давсан байна.
Uber компани өөрийн гэсэн робот-такси (өөрөө явагч машин) технологи эзэмшдэггүй тул энэ салбарт өсөлтөө хангахын тулд хамтын ажиллагаан дээр найдаж байгаа аж. Тус компани одоогоор өөрөө явагч тээврийн салбарт 20 гаруй хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь Lucid (LCID.O) цахилгаан автомашин үйлдвэрлэгч, мөн Nuro нэртэй стартап компаниудтай хийсэн түншлэл юм.
Uber-ийн энэхүү шинэ 20 тэрбум ам.долларын хувьцаа эргэн худалдаж авах хөтөлбөр нь 2024 оны эхээр зарласан 7 тэрбум ам.долларын эрхийг нэмэлтээр үргэлжлүүлж буй үйлдэл ажээ.









