"Беркшер Хатувэй" (БХ) компани шинэ гүйцэтгэх захирал Грег Абелийн (Уоррен Баффетийн залгамжлагч) удирдлага дор хоёрхон хоногт 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ.
Шинэ гүйцэтгэх захирал Грег Абел БХ компанийн үйл ажиллагаанд өөрийн өнгө төрхийг шингээж эхэлж буй бололтой. Энэхүү томоохон дүнтэй хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь АНУ-ын орон сууцны барилгын компани болох Taylor Morrison Home-ийг 6.8 тэрбум ам.доллараар худалдан авах байсан бол үлдсэн 10 тэрбум ам.доллар нь Alphabet (Google-ийн толгой компани) компанийн хиймэл оюуны хөгжүүлэлтийг дэмжихэд зориулагдах аж.

Эдгээр хөрөнгө оруулалт нь БХ-ийн хувьцаа эзэмшигчдийн олон жилийн турш тавьж ирсэн нэг шаардлагад хариулт болж магадгүй байна. Хувьцаа эзэмшигчид Абелийг өмнөх захирал Уоррен Баффетийнхаас илүү идэвхтэйгээр компанийн их хэмжээний бэлэн мөнгийг ашиглахыг хүсэж байгаа юм.
2026 оны 3-р сарын 31-ний байдлаар БХ-ийн бэлэн мөнгөний нөөц 380.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Олон хөрөнгө оруулагч, шинжээчид асар их хэмжээний ашиглагдаагүй энэхүү мөнгө нь компанийн хувьцааны үнэд дарамт болж байна гэж үздэг.
Тухайлбал БХ компанийн хувьцаа 2025 оны 5-р сарын дээд түвшнээсээ 13%-иар буурсан бол технологийн компаниуд давамгайлсан S&P 500 индекс энэ хугацаанд 34%-иар өссөн байна.
Калифорнийн Коста Меса хотод байрладаг, 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Check Capital Management-ийн ерөнхийлөгч Стивин Чак:
Хүмүүс бүгд Грег Абелийг Уоррен Баффетын сүүдрээс гарч өөрийнхөөрөө ажиллахыг хүлээж байсан. Одоо бид үүнийг харж эхэлж байна. Энэ бол урамтай зүйл.
гэжээ.
БХ компани Alphabet дахь хөрөнгө оруулалтаа 10 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн.
Даваа гарагт БХ компани Alphabet-ийн хувьцаанд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна. Энэ нь Alphabet компанийн нийт 80 тэрбум ам.долларын хөрөнгө босгох ажиллагааны нэг хэсэг болох аж.
Энэхүү алхам нь БХ компанийн зүгээс Alphabet-ийн хиймэл оюуны салбар дахь манлайлалд итгэж буйг харуулж байна.
БХ компани анх 2025 оны гуравдугаар улиралд Alphabet-д хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд 2026 оны 3-р сарын 31-ний байдлаар тус компанийн 16.6 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшиж байжээ.
Шинэ хөрөнгө оруулалтын дараа Alphabet нь БХ компанийн хамгийн таван том хувьцааны хөрөнгө оруулалтын нэг болох төлөвтэй байна. Одоогоор тэр жагсаалтыг Apple тэргүүлдэг.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.
Энэ нь Баффетын олон жилийн турш баримталж ирсэн технологийн компаниудаас болгоомжилдог байр сууринаас тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн алхам юм. Баффет Apple-д хөрөнгө оруулахдаа технологид биш, хэрэглэгчдэд бооцоо тавьж байна гэж тайлбарлаж байсан.
2019 онд БХ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Баффет болон талийгаач дэд дарга Чарли Мунгер нар Google-д эрт хөрөнгө оруулаагүйдээ харамсаж байгаагаа ярьж байв.
Мунгер тухайн үед:
Бид алдаа гаргасан.
гэж хэлжээ.
Харин Баффет:
Түүний хэлж байгаа нь бид боломжоо алдсан гэсэн үг.
хэмээн хариулж байсан юм.
Taylor Morrison компанийг худалдан авч орон сууцны салбар дахь байр сууриа тэлэв.
Ням гарагт БХ компани Taylor Morrison Home-ийг 6.8 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээг зарласан.
Taylor Morrison нь АНУ-ын 12 мужид үйл ажиллагаа явуулдаг томоохон орон сууцны барилгын компани юм.
Энэ худалдан авалт БХ-ийн орон сууцны салбар дахь оролцоог улам өргөжүүлэх ач холбогдолтой аж.
Тус компани аль хэдийн:
Clayton Homes үйлдвэрлэлийн орон сууцны бизнес, тоосго үйлдвэрлэгчид, будаг үйлдвэрлэгчид, дулаалгын материалын компаниуд, үл хөдлөх хөрөнгийн брокерийн томоохон сүлжээнүүдийг эзэмшдэг.
БХ компани хамгийн багадаа 30 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөц хадгална гэсэн бодлогоо үргэлжлүүлж байгаа ч хөрөнгө оруулагчид:
Өөрийн хувьцааг илүү их хэмжээгээр эргүүлэн худалдаж авах, эсвэл 1967 оноос хойших анхны ногдол ашиг тараах сонголтуудыг авч үзэхийг хүсэж байгаа юм.
БХ компанийн олон арван бизнесийг зарим шинжээчид "Америкийн эдийн засгийн жижиг загвар" гэж нэрлэдэг.
Түүний эзэмшдэг томоохон бизнесүүдэд:
BNSF Railway буюу төмөр зам,
эрчим хүчний компаниуд,
Аж үйлдвэрийн компаниуд,
Dairy Queen, Fruit of the Loom, See's Candies зэрэг амттан болон жижиглэн худалдааны бизнесүүд багтдаг.

Грег Абел БХ компанийн удирдлагыг авснаас хойш хийсэн хамгийн том алхмуудын нэг нь энэ боллоо. Хоёрхон хоногийн дотор 16.8 тэрбум ам.доллар зарцуулсан нь Уоррен Баффетын үед хуримтлагдсан асар их бэлэн мөнгийг идэвхтэй ашиглаж эхэлж буй дохио гэж зах зээл үзэж байна.
Ялангуяа Alphabet-д хийсэн хөрөнгө оруулалт нь БХ компани хиймэл оюуны өсөлтөд урт хугацааны итгэл үзүүлж байгааг харуулж байгаа юм.










