



















Япон улс сүүлийн 20 жилд анх удаагаа шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж буй энэ үед, дэлхийн анхны иен-д суурилсан стейблкойн өнөөдөр Токио хотод гарлаа. Энэ нь бэлэн мөнгө болон кредит картаа илүүд үздэг япон хэрэглэгчдийн дунд цахим төлбөрийн шинэ үеийг эхлүүлэх чухал боловч даруухан алхам юм.
Стейблкойн гэдэг нь бодит валют (жишээ нь ам.доллар, евро, иен гэх мэт)-тай уясан цахим мөнгө юм.
Японы гарааны компани JPYC иенийн ханштай 1:1 харьцаатай, бүрэн хөрвөх чадвартай JPYC нэртэй стейблкойн гаргаж эхэлжээ. Энэ койн нь дотоодын хадгаламж болон Японы Засгийн газрын үнэт цаас (JGB)-аар бүрэн баталгаажсан байна.
Тус компани 3 жилийн дотор нийт 10 их наяд иений (66 тэрбум ам.доллар) JPYC гаргах зорилт тавьсан бөгөөд үүнийг гадаад зах зээлд өргөн ашиглагддаг дижитал хөрөнгө болгохоор төлөвлөжээ. JPYC эхний ээлжинд гүйлгээний шимтгэл авахгүй бөгөөд орлогоо JGB-ийн хүүгийн орлогоос олохоор тооцож байна.
“Бид стартап компаниудад гүйлгээ, төлбөр тооцооны зардлыг багасгаж, инновацийг урамшуулахыг хүсэж байна” гэж JPYC-ийн гүйцэтгэх захирал Норитака Окабэ хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
“Олон улсын түвшинд уялдаа холбоо сайжрах нь бидэнд ч ашигтай тул хөрөнгийн хамтын ажиллагаанд нээлттэй байна” гэж тэр нэмж хэлсэн байна.
Блокчэйн технологид суурилсан стейблкойнууд нь ихэвчлэн бодит валюттай уялдсан байдаг бөгөөд гүйлгээ хурдан, зардал бага байдаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчтэй дэмжлэгийн ачаар ам.долларт суурилсан стейблкойнууд дэлхий даяар эрс өсөж, одоогоор нийт стейблкойн нийлүүлэлтийн 99%-ийг эзэлж байгаа гэж Олон улсын төлбөрийн банк (BIS) мэдээлжээ.
Сүүлийн саруудад стейблкойнд дэлхий даяар сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд Японы гурван томоохон мегабанк хамтран иенийн стейблкойн гаргахаар ажиллаж байгаа талаар Nikkei сонин энэ сарын эхэнд мэдээлсэн юм.
Японы төв банкны (BOJ) хуучин албан тушаалтан, одоо Риккёо их сургуулийн профессор Томоюүки Шимода хэлэхдээ:
“Иенийн стейблкойн нь дэлхийн нөөц валют болох ам.долларт суурилсан койнууд шиг хурдацтай түгэхгүй. Хэрэв мегабанкууд энэ зах зээлд нэгдэж орвол өсөлт түргэсч болох ч хамгийн багадаа 2–3 жил шаардлагатай” гэжээ.
Бодлого боловсруулагчид стейблкойн нь банкны зохицуулалтгүй орчинд хөрөнгийг шилжүүлэх боломжийг олгож, уламжлалт арилжааны банкны үүргийг сулруулах эрсдэлтэй талаар анхааруулж байна.
Японы Төв банкны дэд захирал Рёозо Химино өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ:
“Стейблкойнууд дэлхийн төлбөрийн системд гол тоглогч болж, банкны хадгаламжийн үүргийг тодорхой хэмжээгээр орлох магадлалтай. Тиймээс дэлхийн зохицуулагчид шинэ санхүүгийн бодит байдалд дасан зохицох шаардлагатай” гэжээ.
Азийн бусад оронд ч ижил хандлага ажиглагдаж байна. Өмнөд Солонгос компаниудад вон-д суурилсан стейблкойн гаргахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн бол БНХАУ мөн юаньд суурилсан стейблкойн ашиглахыг зөвшөөрөх талаар авч үзэж байгаа аж.
($1 = 150.78 иен)









