



















Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд болох “Митцубиши Моторс”, “Ниссан” болон “Хонда” компаниуд нэгдэн нийлэх хэлэлцээр дээрээ хэл амаа ололцож чадаагүйгээс “Ниссан” компани хэлэлцээрээс албан ёсоор гарч байгаагаа зарлалаа. Хэлэлцээр цуцлагдаж буйн шалтгаан нь үндсэн нөхцөл дээрээ тохирохгүй байгаагаас болсон байна.
Хэрвээ 3 компанийн нэгдэх үйл явц биелсэн бол дэлхийн гурав дахь том автомашин үйлдвэрлэгч болон тодорч “Тесла” болон БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг хүчээ нэгтгэх зорилго биелэх байсан юм. “Ниссан” яагаад хэлэлцээрээс гарсан бэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Хэлэлцээр нурсны хамгийн том суурь шалтгаан, маргаантай асуудал нь “Ниссан” компани “Хонда” компанийн охин компани болохоос татгалзсан явдал аж. Эхэндээ хамтарсан холдинг компани байгуулж, эрх тэгш хамтрах талаар ярилцсан ч хэн нь хэнийхээ охин компани болох дээр санал зөрөлдсөнөөр ийнхүү хэлэлцээр амжилт олсонгүй.
Энэхүү шийдвэр зах зээл дээр тодорхой нөлөө үзүүлж “Ниссан” компанийн хувьцааны үнэ 4.8 хувиар унасан ч эргээд 7.6 хувиар өссөн. Харин “Хонда” компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өссөн боловч зах зээл хаагдах болоход 3.5 хувиар унасан байна.
Ийнхүү Японы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид өөр өөрсдийнхөө эрх мэдлийг эхэнд тавьсанаар цаашдаа өргөжин тэлэх том боломжоо хааж, яриа хэлэлцээр нуран уналаа. Магадгүй энэ нь Японы автомашин үйлдвэрлэлгчдийн хувьд удахгүй нүд аних эхлэлийн цэг байж болох юм. Яагаав нөгөө “Yahoo” яалаа. Санаж байгаа биз дээ.
Нэгдэн нийлэх хэлэлцээр цуцлагдсаны дараа "Ниссан" компани шинэ хамтрагч хайх эрэлдээ гарчээ. Эрлийн үзүүрт Тайванийн "Foxconn" компани баригдсан байна. "Foxconn" компанийн хувьд цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт орох ихээхэн хүсэлтэй байгаа бөгөөд өмнө нь "Ниссан" компанитай хамтрах хүсэлт гаргаж байсан боловч "Ниссан" -ынхан хүсэлтийг нь хүлээн аваагүй юм.









