



















Японы Засгийн Газар өнөөдөр “Васеда”-ын Их Сургуулийн улс төр, эдийн засгийн профессор Жүнко Коэдаг тус улсын төвбанкны 9 гишүүнтэй удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн байна. Энэхүү томилгоо нь өнгөрсөн долоо хоногт Японы Төв Банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хүргэн зарласантай бараг давхцаж буй юм. Сүүлийн 27 жил буюу 2008 оноос хойш Японы бодлогын хүү ийнхүү 0.5 хувьд хүрлээ. 1990-ээд оны сүүлээс тус улс дифляцийн зовлонг даван туулах гэж аргаа барж байгаа. Инфляцийг 2 хувьд хүргэнэ гэж жил бүр мөнгөний бодлогодоо тусгадаг ч ийнхүү 2.0 хувь гэсэн төвшинд хүрэхгүй цаг хугацаа өнгөрсөөр байна. Ерөнхийдөө манай улсын Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гэх мэт мөнгөний бодлогоо тодорхойлдог худал яриатай ойр юм.
Ирэх гуравдугаар сарын 05-ны өдөр бүрэн эрхийнх нь 5 жилийн хугацаа дуусах эдийн засагч Сэйжи Адачигийн оронд Жүнко Коэдаг томилохоор болсон байна. Эдийн засагч Сэйжи Адачи эдийн засагт төвийг сахисан байр суурь баримталсан байдлаар Японы Төв Банкны гаргасан шийдвэрт хандаж байсан юм.
Макро эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Жүнко Коэда өмнө нь Японы Сангийн яаманд ахлах эдийн засагч, Олон улсын валютын сангийн орон тооны эдийн засагч зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Тэрээр эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.
Японы Төв Банкны ТУЗ-ийн гишүүн асан, одоо "Номура" судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Такахиде Киучи Коэдаг “Мөнгөний бодлогын тоон шинжилгээнд нотлогдсон туршлагатай эрдэмтэн” гэж тодорхойлсон. Мөн тэрээр "Жүнко Коэдаг томилсноор Японы Төв Банкны ТУЗ-ийн хэлэлцүүлгийн чанар сайжрах болно” гэж нэмж хэлсэн.
Ерөнхий сайд Шигеру Ишиба төвбанкны ТУЗ-ийн шинэ гишүүнийг эхний ээлжинд сонгосон нь мөнгөний бодлогод баримтлах Засгийн Газрын бодлого өөрчлөгдөх нь гэсэн таамагийг дэвшүүлэхэд хүргэсэн. Ишибагийн томилгооноос шалтгаалан 2026 онд Японы Төв Банк бодлогын хүүгээ 1.0 хувьд хүргэнэ гэсэн таамагийг эдийн засагчид дэвшүүлээд байна.
Нэр дэвшигчийг парламентын хоёр танхим батлах ёстой. Ишибагийн цөөнхийн засгийн газар нэр дэвшигчийг батлахын тулд сөрөг хүчний намуудаас дэмжлэг авах шаардлагатай юм.









