



















“Citi” банк мягмар гарагт зэсийн 6-12 сарын ханшийн таамгаа бууруулж, АНУ өргөн хүрээний (БНХАУ, Канад, Мексик . . . Хөнгөн цагааны импортын татварыг нэмэгдүүлсэн зэрэг) харилцан татвар ногдуулах магадлал эхний улиралд багассан тул үнийн уналт хожуу гарах төлөв байгааг онцолжээ.
Тус банкны шинэ таамгаар, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн дундаж үнэ тонн нь 8,500 ам.доллар байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх 9,000 ам.долларын төсөөллөөс буурсан үзүүлэлт юм. Лондонгийн Металлын Бирж (LME)-ийн гурван сарын зэсийн фьючерс мягмар гарагт тонн зэсийн үнэ 9,398 ам.доллар орчим тогтвортой байсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт сүүлийн гурван сарын хамгийн өндөр түвшинд хүрч 9,684.50 ам.доллар болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн багтаа АНУ-ын импортод татвар ногдуулдаг бүх улсад харилцан татвар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах даалгавар өгсөн нь АНУ-тай холбоотон болон өрсөлдөгч орнуудын дунд дэлхийн худалдааны дайн өрнөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
"Бидний үзэж байгаагаар, суурь металлын үнэ болон зах зээлийн эрэлт 2025 оны хоёрдугаар улиралд АНУ-ын өргөн хүрээний тариф хэрэгжиж эхлэхээс өмнө, дөрөвдүгээр сарын эхэн хүртэл өндөр түвшинд үргэлжилнэ" гэж Citi банк тайландаа дурьджээ.
“Citi” банк зэсийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээ шинэчилж, 2025 онд ойролцоогоор 136 мянган тонн (136 килотонн)-ийн жижиг хэмжээний хомсдол үүснэ гэж таамаглажээ.
Мөн ”Citi” банк АНУ-ын импортын татвар 15% байх төлөвтэй байгаатай холбогдуулан COMEX-LME зэсийн нэг жилийн фьючерсийн арбитражийн (нэг зах зээлээс хямд аваад, нөгөө зах зээл дээр үнэтэ зарах буюу үнийн зөрүүнээс ашиг олох) зөрүүний тонн 1,400 ам.доллар хүртэл тэлж магадгүй гэж таамагласан байна.
Цаашлаад, 2025 онд зэсийн эцсийн хэрэглээний өсөлт 1.7%-иар нэмэгдэх боловч энэ өсөлт нь тарифын дарамт болон хөгжингүй орнуудын хатуу мөнгөний бодлогын нөлөөгөөр саарах магадлалтай гэж дүгнэжээ.









