



















“Уолл Стрийт”-д олон жилийн турш хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг бол “Жи Пи Морган Чейз” банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Жэйми Даймоныг хэн залгамжлах вэ? гэдэг асуулт. Ганц Жэйми Даймонд ч гэлтгүй “Блак Рок”-ийн Ларри Финк, “Беркшэйр Хатавэй”-ийн Уоррен Баффет гээд бишгүй олон гүйцэтгэх захирлууд удахгүй суудлаа өгөхөөр яригдаж байгаа.
Жэйми Даймонд гэхэд “Жи Пи Морган Чейз” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаад 25 жилийн нүүрийг үзэж байна. Түүний удирдлага дор “Жи Пи Морган Чейз” банк дэлхийн хамгийн том хамгийн шилдэг банкуудын нэг болсон юм. Улстөрд ч бизнест ч ер юун дээр ч шилдэгүүдийг нас гэдэг зүйл дарж авдаг. Уг жамаараа л гүйцэтгэх захирлууд ажлаа өгдөг нь хууль.
АНУ-ын компаниудын хувьд Монголын компаниудаас онцлох нэг ялгаа нь өөрийн залгамжлагчаа эртнээс бэлддэг. Ингэж бэлдэхийн тулд 10 жилийн өмнөөс нэр дэвшигч нарыг хүний нөөцийнхөн нь судалж олон нэр дэвшигчээс явцын дунд хасдаг байна. Өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигч нар дотор өндөр байр суурьтай байсан Үйл Ажиллагаа Хариуцсан Ерөнхийлөгч Дан Пинто ажлаасаа гарч байгаагаа зарласаны дараа залгамжлагчийн яриа ахин олны анхаарлын төвд орж ирсэн. Хөрөнгө оруулалтн банкны захирал Женнефир Пипсзакийг “Жи Пи Морган Чейз” банкны шинэ үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр томилсон.
Женнифер Пипсзак тус банкны Гүйцэтгэх захирал болоход яг л тохирсон сонголт мэт боловч тэрээр уг албан тушаалд очих сонирхолгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар Жейми Даймонд өөрийн залгамжлагчийн талаар дурссан бөгөөд тэрээр “Бидэнд хэд хэдэн онцгой сонголтууд байгаа. Та нар тэдний ихэнхийг мэднэ. Таны мэдэхгүй нэг юм уу хоёр нэр дэвшигч байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Түүний хэлсэн үгнээс гаргарлаа хийхэд “Жи Пи Морган Чейз” банкнаас бус гаднаас 2-ийн зэрэг нэр дэвшигч буй бололтой.
Түүнийг орлоход тэргүүлж байгаа нэр дэвшигчдийн дунд:
Марианна Лэйк -Хэрэглэгчийн болон олон нийтийн банкны гүйцэтгэх захирал
Даг Петно- Арилжаа, хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал
Трой Рорбау-Арилжаа, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хариусан захирал
Мэри Эрдоес-Хөрөнгө, баялгийн менежментийн гүйцэтгэх захирал гэх мэт нэр дэвшигчид байна. Ямартаа ч эдгээр нэр дэвшигчид бол дотоодоосоо нэр дэвшигчид. Харин гаднаас нэр дэвшигчийн хувьд ил болоогүй байна.
“Жи Пи Морган Чейз” банкны сонгон шалгаруулалттай зэрэгцээд шахуу “Блак Рок”-ийн Ларри Финкийн залгамжлагчийн талаарх яриа ч газар аваад байгаа юм. Түүнийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай байсан Марк Видман саяхан ажлаасаа гарахаа зарласан.
Финкийг орлуулах боломжтой хүмүүсийн дунд:
Роб Голдштейн-Үл ажиллагаа хариуцсан захирал
Мартин Смол-Санхүүгийн захирал, корпорацийн стратегийн дэлхийн тэргүүн
Рэйчел Лорд-Олон улсын тэргүүн гэх мэт захирлууд байгаа юм.
Гол нь Финк, Даймонд хоёр хэзээ огцорч, суудлаа шилжүүлэх цаг хугацааныхаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой байна: Эдгээр хочр эрхмийг залгамжилсан хэнбуйгайд ч гэсэн санхүүгийн салбарт хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд тооцогддог хоёр гүйцэтгэх захирлын эрч хүч, өв залгамжлалыг хадгалах асар том сорилттой тулгарах болно.
Ингээд АНУ-аас хальсан банк, хөрөнгө оруулалтын сангийн захирлуудын залгамжлагчийн яриа Уоллстрийтэд хэсэгтээ намжихгүй бололтой. Мөн Уоррен Баффетийн залгамжлагчийг ч хөрөнгө оруулагчид битүүхэндээ нэр дэвшүүлж л байгаа. Удахгүй томоохон өөрчлөлтүүд Уоллстрийтэд гарах нь дамжиггүй боллоо. Нас дээр гарсан Уоррен Баффетийн хувьд сүүлийн 20 жил залгамжлагчийн тухай ярьж байгаа ч тэрээр 100 насыг шүргэхэд ойрхон болоод байна. Өнгөрсөн жил түүний насан туршийн хамтрагч Чарлие Мунгер өөд болсон юм.









