



















Зүүн өмнөд Азийн Орнуудын Холбоо (АСЕАН) ба БНХАУ өнөөдөр чөлөөт худалдааны гэрээнийхээ шинэчилсэн хувилбарт гарын үсэг зурлаа. Энэхүү шинэ “3.0” гэрээнд дижитал болон ногоон эдийн засаг зэрэг шинэ салбаруудыг хамруулсан гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэв.

АСЕАН нь одоогоор Хятадын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд 771 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хятад улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас дэлхий даяарх улс орнуудад ногдуулсан өндөр импортын татварын дарамтыг сөрөн зогсохын тулд, нийт ДНБ нь 3.8 их наяд ам.доллар бүхий АСЕАН бүс нутагийн улсуудтайгаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байгаа аж.
Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд “Шинэчлэгдсэн энэхүү гэрээ нь хоёр талын олон талт худалдаа, чөлөөт эдийн засгийг дэмжихийн төлөөх чухал амлалтыг бүрэн тусгасан” гэжээ.
Хятад улс эдийн засгаа улам нээлттэй болгохын төлөө ажиллаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч, бусад томоохон гүрнүүд тус улсын ховор метал ба стратегийн эрдэс баялгийн экспортод тавьсан хязгаарлалт нь “нээлттэй бодлоготой” зөрчилдөж байна хэмээн шүүмжилж байгаа юм.
“АСЕАН–Хятадын чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбар” хэмээх шинэ гэрээ нь Малайзад болсон АСЕАН-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр батлагдсан юм. Тус уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт оролцсон бөгөөд энэ нь Азийн орнуудад хийх айлчлалынх нь эхлэл байв.
Гэрээний шинэчилсэн хувилбартай холбоотой хэлэлцээ 2022 оны 11-р сард эхэлж, 2025 оны 5-р сард дууссан. Энэ үеэр Трампын татварын бодлого ид өрнөж байв.
Анхны АСЕАН–Хятадын чөлөөт худалдааны гэрээ 2010 онд хүчин төгөлдөр болсон юм.
Хятад улс уг гэрээ нь хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт зах зээлийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх замыг нээж өгнө гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Хятад ба АСЕАН хоёр хоёулаа дэлхийн хамгийн том худалдааны холбоо болох Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP)-ийн гишүүн бөгөөд энэ нь дэлхийн хүн амын гуравны нэгийг, дэлхийн ДНБ-ний 30%-ийг хамардаг. Малайз энэ долоо хоногт 5 жилийн дараах анхны RCEP дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.
Зарим шинжээчид АСЕАН–Хятадын хамтын ажиллагааг АНУ-ын татварын дарамтад бүс нутгийн “буфер” болох боломжтой гэж үзэж байгаа ч, АСЕАН доторх өрсөлдөөнтэй ашиг сонирхлуудын улмаас тус гэрээ нь бусад бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдээс сул заалттай гэж дүгнэжээ.
АНУ-д Доналд Трамп ерөнхийлөгчийн хувиар ажиллаж эхэлснээс хойш Хятад улстай худалдааны дайн улам хурцадсан бөгөөд Трампын засаг захиргаа Хятадын бараанд өндөр татвар ногдуулсан юм.
Бээжин эдгээр тарифыг “хамгаалалтын бодлого” гэж нэрлэж, үүний зэрэгцээ өөрийн ховор метал, соронз зэрэг стратегийн түүхий эдийн экспортын урсгалыг хянах бодлогоо өргөжүүлж байна. Хятад улс дэлхийн газрын хово элементүүдийн 90%-иас илүүг боловсруулдаг.
АНУ ба Хятад хоёр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Куала Лумпурт уулзаж, түр “худалдааны зогсолт” (truce)-ийн талаар тохиролцсон байна. Тэдний төлөөлөгчид хэлэлцээ хийж, Трамп болон Хятад улсын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногийн сүүлээр Сөүлд уулзахдаа эцсийн шийдвэр гаргах тохиролцоонд хүрчээ.
Трамп Малайзаас даваа гарагийн өглөө явсан. Өдгөө Хятад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх уриалгыг эрчимжүүлж байгаа юм.
“Дэлхий дахин хүчтэй нь сулыг дардаг зэрлэг хууль руу буцаж болохгүй,” гэж Хятадын Ерөнхий сайд Ли Цянь даваа гарагт болсон Зүүн Азийн Дээд Хэмжээний уулзалтад хэлсэн байна.








