



















Мэргэжилдээ гаршсан нэгэн байх нь гайхалтай сайхан. Гэхдээ мэргэжилдээ сайн бүхэн зөв үйлдэл хийдэг гэсэн эндүүрэл АНУ-д ч, манай улсад ч байна. Санхүүгийн зах зээл өндөр хөгжиж, өөрийн мөрөөдлийг бий болгосон оронд цуутай санхүүч жирийн луйварчин болсон түүхийг та унших гэж байна. Эгэл бусаас энгийн рүү гэдгийн жинхэн түүх энэ байх. Түүний амьдралын оноо, алдаа бүхэн бидэнд сургамж дүүрэн юм.
АМЕРИК МӨРӨӨДЛИЙН ЗОЛИОС – БЭРНАРД МЭДОФФ
Оршин тогтнох хугацааныхаа туршид 50 тэрбум гаруй доллар зальдсан санхүүгийн пирамидыг бүтээгч, луйварчин Бэрнард Мэдоффийн тухай мэдээ Америкийг цочирдуулжээ. Энэ явдал, олны хайртай дуучин, бусдын хоолойгоор дуулах юм уу эсвэл Нобелийн шагналт эрдэмтэн академич, шавь нарынхаа бүтээлүүдийг байнга өөрийн нэрээр хэвлэлд нийтлүүлэхтэй ижил юм болов.
1960-аад оны дунд үеэс Мэдоффийн нэр нягт нямбай, ариун шударга, буянтай заяа, шинэчлэлт, мэдээж амжилт гэдэг үгнүүдтэй утга нэг сонсогддог байлаа. Энэ л түүнд хэдэн арван жилийн турш түншүүдээ мэхлэх боломж олгож байв. Уул нь тэр, шудрага буянтай шинэчлэгчийн алдрыг зүй ёсоор нь олж авсанд хамаг даажигнал байгаа юм. Мэдофф өөрийн хүүхдүүдээс аваад, америкийн засгийн газрыг хүртэл залилах залилан нь түүний авъяас билэгт бардамналд итгэсэн сэтгэлээс үүджээ.
САЙН СУРГУУЛИАС ТӨРСӨН ХҮҮ
Бэрнард Лоурэнс Мэдофф 1938 оны 4-р сарын 29-нд дундаж амьдралтай жүүдүүдийн суурших дуртай Нью-Йоркийн Лорэлтонд эгэл гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нь Ральф ба Сильвия Мэдофф нар нь бизнес эрхэлдэг байж. Чухам ямар бизнесийг одоо хэн ч мэдэхгүй. Бэрнард өөрөө эцэг эхийнхээ тухай ярьдаггүй. Бага насны анд найз нараас нь бараг үлдсэнгүй. Харин ангийхнаас нь хэн нэг нь Ральф Мэдофф “брокер шиг л” хүн байсан гэж хэлсэн байдаг. Хожим нь Фортуна сэтгүүлд бичсэнээр бол Сильвия Мэдоффийн нэр дээр “Gibraltar Securities” гэдэг брокерын пүүс бүртгэгдсэн байсан ба хаяг нь Мэдоффийнханы хаягтай тохирч байв. АНУ-ын үнэт цаас ба биржийн хороо, тайлангийн асуудалтай учир пүүсийг нь хаасан байна. Бэрнард эцэг эхийнхээ пүүсийн ажилд хуруу, хошуу дүрдэггүй байв. Түүний суралцаж байсан “Far Rockaway High School” бол гойд сайн сургууль байжээ. Тэр сургуулиас Нобелийн шагналтан (анагаах ухаан, физикийн салбарт) гурав, дэлхийд зартай эрдэмтэн тав, хэд хэдэн алдартай тамирчин, конгрессийн гишүүн, томоохон сэтгүүлч, даян дэлхийд алдартай бизнесмен Карл Айкен болон мэдээжийн хэрэг Бэрнард Мэдофф нар төржээ.
Сургуулийн архивын материалаас үзэхэд Бэрнард маш сайн сурдаг байж. 1956 онд сургуулиа төгсөөд Алабамагийн их сургуульд орсон боловч дараа нь Нью-Йоркийн хувийн их сургуулиудын нэгэнд шилжин суралцаж, улс төр судлаачийн диплом авав. Мэдофф цааш үргэлжлүүлэн Бруклины хуулийн дээд сургуульд сурахаар орсон ч жилийн дараа сургуулиа орхив. Тэр ажиллаж мөнгө олохоор шийджээ.
ШИНИЙГ САНААЧЛАГЧ
Бэрнард Мэдофф 1960 онд ажил хэргээ эхлэв. Түүнээс гадна эхнэр Рут нь ажилладаг хувийнхаа компанид, өөрийн цуглуулсан бүх хөрөнгө буюу 5000 доллар хөрөнгө оруулжээ. Тэр мөнгөө Бэрнард усанд сэлэх газар аврагч хийж, тэр үеийн Нью-Йоркийн томчуудын цэцэрлэгт хүрээлэнд усалгааны төхөөрөмж угсарч байхдаа цуглуулсан байв. Энэ хэдий өндөр ашигтай биш ч гэсэн Мэдоффийн даруухан амьдралд хүрэлцээтэй байжээ. Мэдоффийн толгойд үнэ ханшийн материал тараах, захиалга авах зэрэгт компьютерын технологи ашиглах санаа орж ирэв. Энэ бол үнэндээ Нью-Йокийн хөрөнгийн биржийг өдсөн хэрэг байлаа. Мэдоффийн санаачлага удалгүй Сангийн дилерүүдийн үндэсний холбооны оролцоотойгоор дэмжигдэн байгуулагдсан NASDAQ нэртэй үнэт цаасны арилжааны биржийн компьютерын талбар болж хувирав. Мэдофф энэ худалдааны талбар дээр холбооны хамгийн идэвхтэй оролцогчийн нэг төдийгүй NASDAQ-ийн эцэг, гол тоглогч нь байсан. Мэдоффийн хувьд NASDAQ-ийн арилжааны талбар жинхэнэ алтны судал байлаа. Тэр Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй амжилттай өрсөлдөж байв.
NASDAQ - “National Association of Securities Dealers Automated Quotation system”
Мэдоффийг NASDAQ-ийн ноён, бурхан шиг байх үед Америкт өндөр технологийн ирээдүйтэй компаниуд олноор байгуулагдаж эхлэсэн. “Тэд төрөл бүрийн шалтгааны улмаас Нью-Йоркийн биржийн шардлага болзолыг хангаагүйн улмаас биржийн зах зээлд гарч чадалгүй харин биржийн гадуурх зах зээлд идэвхтэй оролцож байлаа” гэж Нью-Йоркийн шинжээч Рон Гилман ярьж байв. Биржийн бус зах зээлд аюул, аз туршилт хэдий өндөр байсан ч харьцангуй түргэн борлуулалтаар нөхөгдөж байлаа. Энэ нь биржээс гадуур зах зээл руу шунахай тоглогчдыг дуудан авчирсан юм. Эцсийн дүндээ NASDAQ-ийн талбайд хамгийн өндөр технологитой компаниудын хувьцаа арилжаалагддаг болов. “Microsoft”, “Apple”, “Dell” гурвыг л дурдахад хангалттай биз ээ. Одоо юу ч боллоо гэсэн хэдэн арван жилийн турш эдгээр компаниуд өсөлтөөрөө ч, шинэлэг талаараа ч хувьцаа нь амжилттай өссөөр иржээ.
ОМОГ БАРДАМ ЛУЙВАРЧИН
Мэдоффийн олон жилийн турш удирдагч нь байсан NASDAQ түүнийг тэрбумтан болгоод зогсохгүй Уолл Стрийтийн домог болгожээ. Мэдофф харилцагчийн хомсдолд хэзээ ч орж байсангүй. Түүний гар хүрсэн болгон алт болж байх шиг санагдах үе ч байлаа. Бизнесийн ертөнцөд түүний нөлөө бараг хязгааргүй байжээ. Тэр сан эрхлэгчдийн холбоо, АНУ-ын аж үйлдвэрийн сангийн холбооны захирлуудын зөвлөлд багтдаг байв. Үүнийхээ ачаар Мэдофф улсын нэгдүгээр хүмүүстэй харьцах хязгааргүй шахам эрхтэй байлаа. “Цагаан ордонд тэр өөрийн хүн төдийгүй, эрэлттэй хүн байлаа” гэж шинжээчдийн нэг ярьсан юм. “Хэрэв Мэдофф аливаа нэг зүйлийг хийж чадахгүй гэсэн бол, хэн ч түүнийг хийж чадахгүй гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй” гэдэг байжээ. Мэдофф ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, өөрийг нь бүхнийг чадах төгс хүч хөнөөсөн юм гэж ярьдаг. (Энэ тухай шүүхийн мэдүүлэгтээ тодорхой шударга ярьсан ажээ)
Санхүүгийн пирамид байгуулах санааг анх 1990-ээд онд хэдэн хөрөнгө оруулагчид тэр үеийн зах зээлийн эмх замбараагүй явдлаас айж Мэдоффт хөрөнгөө даатган өсгөж өгөхийг гуйсан жирийн гуйлтаас олсон юм. Мэдофф л үүнийг хийж чадахгүй юм бол өөр хэн хийхэв дээ. Хөрөнгө орууулагчид нь хувь хүмүүс биш хүрээлэнгийхэн байв. Мэдофф тэдний нэрийг хэлээгүй боловч томоохон банк, санхүүгийн корпорациудын тухай яриа гэдэг нь ойлгомжтой. “Бүх мэргэжлийн хөрөнгө оруулагчид шиг оруулсан хөрөнгө нь зах зээлийн дунджаас дээгүүр байхыг хүссэн эдгээр харилцагчдыг би ойлгож байна. Хэдийгээр харилцагчдынхаа хэнд ч юу ч амлаж байгаагүй боловч би харилцагчдынхаа хүсэлтийг ямар ч үнээр хамаагүй биелүүлэх үүрэгтэйгээ мэдэрдэг байсан” гэж Мэдофф мэдүүлжээ. Тухайн үеийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлэх цор ганц боломж нь заль мэх байлаа.
Алдарт хөрөнгө оруулагч маань, биржийн индексүүдийг ажиглан мөрдөх, янз бүрийн чиглэлээр (өсгөх ба бууруулах), арилжаа хийхэд тааруулан харилцагчдын оруулсан хөрөнгийг, үнэ ханшийн урьдчилан таамаглах аргагүй өөрчлөлтөөс хамгаалаад зогсохгүй ямар ч тохиолдолд, өсгөн үржүүлэх судалгаанд тулгуурлан хөрөнгө оруулалтын онцгой системийг бодож олсноо зарлав. Хэрэв Мэдоффийн оронд хэн нэг нь байсан бол луйварчин, дээрэмчнээр нь дуудах байсан биз. Гэвч далдыг харагч, шинийг санаачлагч Мэдоффт шууд л итгэцгээв.
Эхэн үедээ Мэдофф бодохдоо түүний босгосон пирамид “Bernard L. Madoff Investment Securities” бол түр зуурын үзэгдэл, зах зээл тайван болохоор түүнд итгэж өгсөн мөнгийг жинхэнэ хувьцаа болгочихвол, бүх юм хуучин хэвэндээ орно гэж үзжээ. Харамсалтай нь санхүүгийн пирамид бол ер бусын ашигтай ажил бөгөөд түүнээс болино гэдэг нь боломжгүй зүйл аж. Мэдофф харилцагчид болон зохицуулах байгуулагуудад, мөнгөө хувьцаа болгон биржид гаргаж байгаа гэж үе үе мэдэгдэвч үнэндээ бүх мөнгөө “Chase Manhattan Bank”-д нээлгэсэн дансандаа хийж хэрэгцээтэй үедээ ногдол ашиг олгох юм уу хэн нэгэн харилцагч мөнгөө авахыг хүсвэл тэр данснаасаа авч өгдөг байв.
Данс нь Мэдоффийг амар заяа үзүүлдэггүй шинэ шинэ харилцагчдын мөнгөөр аривжсаар байлаа. Их Британий нэг сонины гэрчилснээр хөрөнгө оруулагчид түүнд мөнгөө өгөхөөр шил шилээ харан жагсдаг байв. Мэдоффийг баривчилсны дараа эрх баригчид бүх харилцагчдын нэрсийн жагсаалтыг гаргахад тэр нь “Санхүүгийн ертөнцийн хэн нь хэн бэ?” гэдэг лавлах шиг л байв. Асар олон харилцагчдын хажуугаар маш баян хүмүүс (тэдний нэг нь Мэдоффт өөрийн хөрөнгийн 95% болох 11 сая доллараа итгэмжлэн өгсөн гэж хожим ярьсан юм) нэрсийн жагсаалтад байснаас гадна, хэдэн арван буяны сангууд (жишээ нь Стивен Спилбергийн буяны сан г.м) болон дэлхийд тэргүүлэх банкууд орсон байв. Мэдоффийн үйл ажиллагаа ямар ч асуудалгүй аз хиймортой явж байсан гэвэл худлаа. Нэг удаа ажил хэрэг нь хэрүүл шуугианд өртсөн юм. Нэгэн сониуч шинжээч “Мэдоффийн зарлаад байгаа систем болон түүний сангийн үйл ажиллагаа эрүүл ухаантан төдийгүй математикийн хуулиудтай зөрчилдөж байна. Ийм үр дүн онолын хувьд боломжгүй” гэж мэдэгджээ. Гэвч хэн ч түүнийг ойшоож сонссонгүй. “Жирийн шинжээчийн үг Уолл Стрийтийн домог болсон хүний үгийг бодвол юу юм бэ! Хэнд нь итгэх вэ гэж хэн ч эргэцүүлж бодсонгүй” гэж мэргэжилтнүүд одоо ярьж байна.
Харин энэ явдлаас болж Мэдофф болгоомжтой болов. Тэр хулхи тайлан бичихээ больж, өөрийн нэгэн пүүсийн хэлтэст хэд хэдэн данс нээж ажил хэргийн идэвхи үзүүлэн данснаас дансанд мөнгө шилжүүлдэг болов. “Итгэмээргүй боловч баримт. Түүнд бүгд сохроор итгэжээ. Бизнест нь гар бие оролцдоггүй хүүхдүүд нь хүртэл, “Bernard L. Madoff Investment Securities”-ийн үйл ажиллагаанд оролцдог гурав дахь хүү нь ч итгэдэг байжээ” гэж шинжээч Майкл Даннели хэлээд “түүнд үзүүлсэн түмний итгэлд хязгаар байсангүй” гэжээ. Мэдоффт 50 тэрбум долларын хөрөнгөө итгэж өгсөн хэдэн мянган харилцагч байлаа.
Мэдоффийн үгээр бол залилангийнхаа бүр эхнээс гэмт хэргийнхээ төлөө зэм хүлээнэ гэдгээ мэдэж байсан гэнэ. Хэрэв энэ сунжирсан санхүүгийн хямрал байгаагүй бол Мэдофф бүх амьдралынхаа турш насан хутаг олтолоо алдар хүндийн пирамидаа босгосоор байж болох тийм итгэлийг олсон байлаа гэж олон шинжээчид ярьдаг юм билээ. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржээс зугтаж эхлэв. Энэ явдал “Bernard L. Madoff Investment Securities”-ыг ч тойрсонгүй. Энэ бол Мэдоффт итгэл алдарсан хэрэг биш харин тэр хэсэг хугацаанд бүхнийг чадагч байхаа больсон хэрэг байв. “Хэд хэдэн банк дампуурсны дараа хөрөнгө оруулагчид зүгээр л хөрөнгөө сангаас түргэхэн шиг татаж авахыг хүсэж байлаа” гэж Рон Гильман ярьсан юм. 12-р сарын эхээр хөрөнгө оруулагчдын зүгээс шахалт өгч асуудал хурцдаж эхлэхэд, Мэдофф нууцыг хадгалж чадахгүйгээ ойлгон хөрөнгийнхөө хагасыг ч болов аврахыг оролдов. Санхүүч маань хууль ёсны компанид ажилладаг хүү Марк, Эндрю хоёрт хэдэн зуун саяыг шинэ жилийн бонус болгон хугацаанаас нь өмнө “Bernard L. Madoff Investment Securities”-ын данс руу хийх санаагаа хэлсэн байна. Биш болсныг сэжиглэсэн Марк, Эндрю хоёр эцгийн гэрт очиж тайлбарлахыг шаарджээ. Тэр үнэнээ хэлсэн байна. Тэр үед хоёр хүү нь бузгай ашигтай шударга бизнес эрхэлдэг байв.(мэдээж хямралаас өмнө) Эцгийнхээ өргөөнөөс гараад хүүхдүүд нь өмгөөлөгч рүү очжээ. Яриа удаан өрнөсөнгүй. Өмгөөлөгч нь даруй эрх баригчидтай холбогдож Бэрнард Мэдоффийг 2008 оны 12-р сарын 11-нд баривчлав.
Хэрэг бүрдүүлэлт хэдэн сар үргэлжилсэн юм. Энэ бүх хугацаанд Мэдофф гэрийн хорионд байлаа. Шүүх хурлын үед хэргээ албан ёсоор хүлээсний дараа хүрэлцэн ирэгсэдийн алга ташилтын доор тусгаарлах байр луу авч явав. “Энэ луйварыг эхлэхдээ би гэмт хэргийн шинжтэй буруу юм хийж байна гэж мэдэж байсан... Жил өнгөрөх тусам миний баригдах өдөр гарцаагүй ирнэ гэдгийг мэдэж байсан” гэж тэр шүүх хурал дээр шорон руу явахаасаа хэдэн минутын өмнө мэдэгдсэн байна. Тэр тэнд Бэрнард Лоурэнс Мэдофф биш харин 61727054 дугаартай хоригдол гэж дуудагдах болсон. Мэдофф 11 зүйл бүхий ялыг хүлээн зөвшөөрч бараг бүх насаараа буюу 150 жил шоронд хоригдох ял авсан юм.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









