



















Маргааш буюу мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Украинд болж буй дайныг зогсоох асуудлыг ярилцана гэж мэдэгдлээ. Энэ нь АНУ, ОХУ-ын бие төлөөлөгчид Москва хотод болсон яриа хэлэлцээрийн эерэг үр дүнгийн нөлөө юм. “Бид энэ дайныг дуусгаж чадах эсэхийг харах болно. Дайн дуусч эсвэл дуусахгүй байж магадгүй. Гэхдээ би дуусгах боломжтой гэж үзэж байна” хэмээн Доналд Трамп Флоридагаас Вашингтон руу буцаж явахдаа "Air Force One" онгоц дотороо сэтгүүлчдэд ярьжээ. Мөн тэрээр “Мягмар гарагт Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярина. Амралтын өдрүүдээр ихээхэн ажил амжуулсан” гэсэн байна.
Украин өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн 30 хоногийн түр гал зогсоох саналыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын дэмжлэгийг авахыг зорьж байгаа юм. Харин байлдагч хоёр тал өнгөрсөн амралтын өдрүүдээр агаарын хүчтэй цохилтуудаа харилцан үргэлжлүүлж, Оросын арми Украйны цэргүүдийг Курск мужийн баруун хэсгээс улам бүр шахсаар байгаа.
Ройтерс агентлагийн тайлбар авах хүсэлтэнд Кремль шууд хариу өгөөгүй байна.
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын элч Стив Уиткоффоор дамжуулан Ерөнхийлөгч Доналд Трампад түр гал зогсоох төлөвлөгөөнийхөө талаар захиа илгээсэн ба захианд бичигдсэн саналууд биелэх боломжтой гэсэн “Өөдрөг хүлээлттэй” байна гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Валтц, элч Стив Уиткофф нар ням гарагт телевизэд тус тусдаа ярилцлага өгөхдөө ОХУ гал зогсоох, цаашлаад энхийн гэрээ байгуулахад саад бэрхшээл байсаар байгааг онцолсон байна.
ABC сувгаар “АНУ Оросын эзэлсэн зүүн Украины нутаг дэвсгэрийг Орост үлдээх хэлэлцээрийг зөвшөөрөх үү?” гэсэн асуултад Валтц хэлэлцээ нь “Бодит байдалд” суурилсан байх ёстой гэсэн бол CBS-д өгсөн ярилцлагадаа Рубио “Энхийн гэрээ нь ОХУ, Украин хоёр талаасаа аль аль нь буулт хийх шаардлагатай, маш хүнд ажил байх болно" хэмээсэн бөгөөд "Хоёр тал хоорондоо гал нээж байгаа цагт хэлэлцээ эхлэх ч хэцүү" гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн баасан гарагт Украин 30 хоног түр гал зогсоох АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрсний дараа дайн зогсох боломжтой гэж хэлсэн.
Гэсэн ч Зеленский байнга Украйны тусгаар тогтнол ярьдаг бөгөөд ОХУ Украйны эзэлсэн нутгаасаа татгалзах ёстой гэж мэдэгдэж ирсэн юм. ОХУ 2014 онд Крымийг, 2022 оны дайнаар зүүн Украины дөрвөн бүс нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байгаа.
ОХУ "БАТАЛГАА" ШААРДАНА
ОХУ аль ч энхийн гэрээнд НАТО-д Украиныг элсүүлэхгүй, төвийг сахисан статусыг баталгаажуулах "Тодорхой баталгааг" шаардана гэж ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Александр Грушко даваа гарагт "Известия"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрээр "Бидний хувьд ийм гэрээний салшгүй хэсэг нь аюулгүй байдлын баталгаа байх ёстой" гэж хэлээд, "Үүнд Украин төвийг сахиж, НАТО-д элсэхээс татгалзах тухай заалтуудыг оруулах ёстой" гэжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтлосон шалтгаанаа НАТО өргөжих аюултай холбон тайлбарласан байдаг. Мөн тэрээр Украин НАТО-д элсэхээс татгалзах, Оросын эзэлсэн нутаг дэвсгэрийг Орост үлдээх, Украины армийн хүчийг хязгаарлах, барууны хоригийг цуцлах, Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах (Киев үүнийг дайны байдал үргэлжилж байгаа тул эрт гэж үздэг) шаардлагууд тавьж буй.
ЭНХИЙН ЦЭРЭГ, АЖИГЛАГЧИД
Доналд Трамп Украиныг "Хамтарч ажиллахад хэцүү" гэж тодорхойлж байсан. Өнгөрсөн сард тэрээр Цагаан ордонд Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа маргаан хийж, Зеленский уулзалтаа дуусгалгүй явсан юм.
Тэгвэл Европын Холбоо, Их Британи зэрэг холбоотнууд Украинтай зөвшилцөлгүйгээр ямар ч гал зогсоох болон энхийн гэрээ байж болохгүй гэж мэдэгдсэн.
Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер "АНУ-аас гадна барууны холбоотнууд Украинд тусламж үзүүлэхээр бэлтгэж байна" гэж мэдэгдсэн бол Франц, Их Британи хоёр Украиныг ажиглах зорилготой энхийг сахиулагчдыг илгээх боломжтой гэжээ.
Харин ОХУ өнгөрсөн бямба гарагт "Дайныг бүрэн дуусгах хүртэл" энхийг сахиулагчидыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гадаад хэргийн орлогч сайд Грушко: “Ямар ч нэрийн дор НАТО, Европын Холбоо, эсвэл дангаараа байлаа ч гэсэн гадаад цэргүүдийг Украинд оруулах нь тэднийг мөргөлдөөний талбар болгоно" гэжээ.
"Энгийн иргэн ажиглагчид, тодорхой гэрээний хэрэгжилтийг хянах зорилготой зэвсэггүй ажиглагчид байж болохыг ярилцаж болох сэдэв. Харин одоогоор энэ бол зүгээр л хий яриа" гэж Грушко нэмж хэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон: “Украинд энхийг сахиулагч илгээх эсэхийг Киев л шийднэ, Москва биш” гэж өнгөрсөн ням гарагт мөн мэдэгджээ.











