
Сербээс тусгаар тогтнохын төлөө 1990-ээд онд болсон дайны үеийн гэмт хэрэгт буруутгагдаж буй Косовогийн Ерөнхийлөгч асан Хашим Тачигийн шүүх хурлын шийдвэрийг олон улсын шүүх лхагва гарагт танилцуулна.
Прокурорууд 58 настай Тачи болон тухайн үеийн Косовогийн Чөлөөлөх Армийн (KЧA) гурван өндөр тушаалын командлагчид тус бүрт нь 45 жилийн хорих ял оноохыг хүссэн байна. Харин Тачи болон бусад гурван шүүгдэгч өөрсдөд нь тавьсан бүх хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд тэдний өмгөөлөгчид цагаатгах шийдвэр гаргахыг шүүхээс хүсжээ.
Косовогийн хэд хэдэн хотод шүүхийн шийдвэрийг зарлах мөчийг хүлээсэн хүмүүсийн тооллогыг том дэлгэцээр үзүүлж байна. Шүүхийн шийдвэрийг Нидерландын Гааг хотод лхагва гарагийн өглөөний 10 цагт /УБ цагаар оройн 18 цаг/ танилцуулахаар товложээ. Харин өнгөрсөн бямба гарагт нийслэл Приштина хотод олон мянган хүн жагсаал хийж, Тачи болон бусад шүүгдэгчийг суллахыг шаардсан байна.
Тачигийн шүүх ажиллагаа нь 1990-ээд онд Югослав задран унах үеэр болсон Балканы дайны шарх, үндэстэн хоорондын зөрчил одоо ч бүрэн аниагүй болохыг дахин харууллаа. Өнгөрсөн долоо хоногт Белград хотод Боснийн сербүүдийн генерал Ратко Младичийн оршуулгад асар олон хүн оролцсон нь ч 1990-ээд оны Балканы дайны талаарх олон нийтийн байр суурь өнөөдөр хүртэл эрс хуваагдмал байгааг харуулсан юм. Младич нь геноцид, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр бүх насаар нь хорих ял эдэлж байхдаа нас барсан.
Тачигийн шүүхийн шийдвэр нь Косовогийн барууны орнуудтай, тэр дундаа гол холбоотон АНУ-тай харилцах харилцаанд нөлөөлж болзошгүй гэж улс төрийн шинжээчид үзэж байна. Мөн Косовог тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй Сербитэй харилцах харилцаанд шинэ хурцадмал байдал үүсгэж болзошгүй аж.
Тачи болон KЧА-ийн бусад командлагчдыг 1998-1999 онд болсон бослого, мөргөлдөөний үеэр болон түүнээс хойш Косовогийн албаничууд болон сербүүдийг хавчин гадуурхсан, хөнөөсөн, эрүүдэн шүүсэн, хүчээр алга болгосон гэх хэрэгт буруутгажээ.
Энэ мөргөлдөөн эцэстээ Сербийн мэдэлд байсан, хүн амын олонх нь албаничуудаас бүрддэг Косовог тусгаар тогтнох замд оруулсан юм.
Прокуроруудын үзэж буйгаар KЧA тухайн үед улс төрийн эрх мэдлийг хүчээр гартаа авахын тулд Сербийн аюулгүй байдлын байгууллагуудтай хамтран ажилладаг гэж үзсэн улс төрийн өрсөлдөгчид болон хүмүүсийг онилон, 100 гаруй хүнийг хөнөөсөн байна.
Гэвч Тачигийн өмгөөлөгчид эдгээр нь үндэслэлгүй буруутгал бөгөөд Косовогийн түүхийг өөрчлөн тайлбарлах гэсэн оролдлого гэж мэдэгджээ.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тэд Тачиг дээрх гэмт хэргүүдийн аль нэгтэй шууд холбох хангалттай нотлох баримт байхгүй, мөн бусад KЧA командлагчдыг Тачи удирдаж байсан гэж дүгнэх үндэслэл байхгүй гэж маргасан байна.
“Газар хөдлөлттэй адил нөлөө үзүүлэх шийдвэр”
Косовогийн Мэргэжлийн танхим буюу Косовогийн хууль тогтоомжийн дагуу хуучин KЧА-ийн дайчдын үйлдсэн дайны гэмт хэргийг шүүдэг тусгай шүүх нь Косовод маш их нэр хүндгүй байгууллага юм.
Тус шүүх нь олон улсын шүүгч, прокурор, хуульчдаас бүрддэг бөгөөд Косовогийн тал олон улсын дарамт шахалтын дор 2015 онд уг шүүхийг байгуулахыг зөвшөөрсөн байдаг.
Прокурорын гэрчүүдэд дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх эрсдэлтэй байсан тул тэдний олонх нь хаалттай хуралдаанаар мэдүүлэг өгсөн. Энэ нь Косовогийн иргэдийн тус шүүхэд итгэх итгэлийг улам бууруулсан байна.
“Бидний хувьд Хашим Тачи бол баатар, Косовогийн эрх чөлөөний төлөө тэмцэгч. Тэр Косоводоо буцаж ирэх ёстой” гэж нийслэл Приштина хотын оршин суугч Ментор Плакаж хэлжээ.
Тачи 2016-2020 онд Косовогийн Ерөнхийлөгчөөр, 2008-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Атлантын зөвлөлийн Европын төвийн ахлах судлаач Агон Маликви шүүхийн шийдвэрийг “Тектоникийн хэмжээний үйл явдал” хэмээн тодорхойлжээ.
Хэрэв Тачи цагаадаж, суллагдвал Косовогийн улс төр дэх хүчний харьцаа өөрчлөгдөж, барууны орнуудын дэмждэг улс төрийн хүчин илүү хүчтэй болж магадгүй гэж Маликви үзсэн байна.
Мөн энэ нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар барууны орнуудтай илүү нягт хамтран ажиллах бодлогод итгэх итгэлийг сэргээж болзошгүй аж.
Косовогийн улс төр өнөөдөр барууны орнуудтай харилцах асуудлаар гүнзгий хуваагдсан хэвээр байна. Тиймээс Тачи гэм буруутай гэж тогтоогдвол Косовогийн одоогийн Ерөнхий сайд Албин Куртигийн үед бий болсон чиг хандлагаас ч илүүгээр барууны орнуудаас хөндийрч болзошгүй гэж Маликви хэлжээ.
Түүний үзэж буйгаар шүүхийн шийдвэр нь Косовогийн доторх үндэстэн хоорондын харилцаанд ч шууд нөлөөлөх магадлалтай. Учир нь шийдвэрийн дараа олон нийтийн сэтгэл хөдлөл хүчтэй өрнөх бөгөөд радикал бүлэглэлүүд болон гаднын зарим хүч энэ нөхцөл байдлыг ашиглан хурцадмал байдлыг дэвэргэх сонирхолтой байж болох юм.
Урт хугацаанд авч үзвэл Тачигийн хэргийн шийдвэр нь Косово, Сербийн хооронд тогтвортой энх тайван тогтоох боломжид ч нөлөөлж болзошгүй. Энэ нь Белград буюу Сербийн засгийн газар уг шийдвэрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс мөн шалтгаална гэж Маликви тайлбарласан байна.
Гэхдээ Тачи дайны гэмт хэргийн хэргээр цагаадсан ч шууд суллагдахгүй байж болзошгүй.
Учир нь прокурорууд түүнийг тусдаа хэрэгт гэрчүүдэд нөлөөлөх, гэрчийг дарамтлахыг оролдсон гэх үндэслэлээр дахин шүүж, зургаан жилийн хорих ял оноохыг хүсээд байгаа юм.
Тачи энэ хэргийг мөн адил үгүйсгэж байна.









