



















Өнгөрсөн ням гарагт АНУ-ын “ЭйБиСи Ньюс” телевизийн “Энэ долоо хоног” тойм хөтөлбөрт ярилцлага өгөхдөө Сангийн сайд Скотт Бессент Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жин Пин нар утсаар ярилцсан эсэхийг мэдэхгүй хэмээн ярьжээ.
Түүнчлэн АНУ, БНХАУ хооронд худалдааны хэлэлцээр хийгдэж байгаа эсэхийг мэдэхгүй гэсэн байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) уулзалтын үеэр БНХАУ-ын Сангийн сайд Лан Фоантай уулзсан юм. Энэ тухайгаа
“Би БНХАУ-ын Сангийн сайдтай уулзсан, бидний ярианы гол сэдэв олон улсын санхүүгийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засгийн эрсдэлүүдийн талаар байсан” гэжээ. Мөн БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээр хийж байгааг үгүйсгэсэн мэдэгдлийн талаар Бессент “Тэд өөр байдлаар тоглож байгаа бололтой” гэж хариулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засаг захиргаа БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэний дараа Бээжин үүнийг эрс няцаасан мэдэгдэл хийсэн юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын харилцаа энэ дөрөвдүгээр сард харилцан өндөр тариф тогтоосноор эрс муудсан. Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-аас импортлох бараанд 145 хувийн тариф ногдуулсан бол БНХАУ АНУ-аас импортолдог бараанд 125 хувийн тариф ногдуулсан юм.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын эдийн засагт худалдааны дайны улмаас үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовниж БНХАУ-тай хурцатсан харилцаагаа зөөлрүүлэх талаар илүү нээлттэй хандах болсон. Мөн тэрээр БНХАУ-тай хэлэлцээр хийснээр худалдааны тарифыг бууруулах боломжтой гэсэн санааг цухалзуулах болоод байгаа.
Сангийн сайд Бессент АНУ-ын бараанд ногдуулсан БНХАУ-ын тарифыг “Тэсвэрлэх аргагүй” гэж нэрлээд, удахгүй БНХАУ хэлэлцээрт орохоос өөр аргагүй болно гэжээ. Харин хэлэлцээрт орох хугацааг тэрээр тодорхой хэлээгүй байна. Өмнө нь Бессент “БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээр олон жил үргэлжлэн хүнд зам туулах болно” гэж мэдэгдэж байсан удаатай.











