



















Өнгөрсөн долоо хоногт өндөр түвшний албан тушаалтнуудыг хамарч болзошгүй авлигын сүлжээг шалгах ажиллагааны хүрээнд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөнд нэгжлэг хийсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурьдсанаар, өнгөрсөн долоо хоногт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг"-ийг удирдаж байсан Диего Спаньуоло гэгчийн гэрээс гар утаснууд болон мөнгө тоологч машин хураан авсан аж.

Хавиер Милейгийн Засгийн газар энэ долоо хоногийн эхээр Спаньуолог “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” болгон огцруулснаа мэдэгдэж, мэдэгдлийг X нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн хэвлэлд Спаньуолотой адилхан дуу хоолойтой хүн авлигын талаар яриа өрнүүлж буй аудио бичлэг нийтэлэгдсэн. Бичлэг хэзээ, ямар нөхцөлд хийгдсэн талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд Ройтерс бичлэгийн үнэн зөв эсэхийг бие даан баталгаажуулж чадаагүй.
Тэр бичлэгт Спаньуоло “Тэд миний агентлагийг залилж байна” гэж хэлээд, Ерөнхийлөгчийн ах дүүсийн нэг бөгөөд Тамгын газрын дарга Карина Милей авлигын мөнгө авч байгаа талаар цухас дурдаж, мөн Ерөнхийлөгчтэй өөртэй нь ярьсан ч “юу ч шийдэж өгсөнгүй” хэмээн өгүүлж байжээ.
Ерөнхийлөгч Милейгийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад тухайн үед нь хариу өгөөгүй, харин Ройтерс Спаньуолотой холбоо тогтоож тодруулга хийж чадаагүй байна. Засгийн газрын албан тушаалтнууд уг аудио бичлэгийн үнэн зөвийг батлаагүй бөгөөд ерөнхийлөгч өөрөө ч энэ асуудлаар олон нийтэд байр сууриа илэрхийлээгүй. Харин Ерөнхий сайдын тамгын газрын тэргүүний хэлснээр Спаньуоло өмнө нь авлигын хэргийн талаар хэзээ ч дурдаж байгаагүй гэжээ.
Энэхүү дуулиан нь Ерөнхийлөгч Хавеир Милейн хувьд эмзэг цаг үед тохиож байна. Энэ долоо хоногт Конгресс түүний санхүүгийн бодлогод хэд хэдэн ухралт хийлгэсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх тухай хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хууль тогтоогчид хүчингүй болгохоор оролдсон байна.
Засгийн газар 10-р сард болох завсрын сонгуульд бэлтгэж байгаа бөгөөд энэ нь ихэнх ажиглагчдын үзэж буйгаар Милейгийн хэмнэлтийн бодлого, зах зээлийн шинэчлэлийг үнэлэх нэг төрлийн санал асуулга болж байна.
Холбооны шүүгчийн захирамжаар эхэлсэн мөрдөн шалгах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг, нэгэн эмийн үйлдвэр болон зарим хувийн байруудад нэгжлэг хийх зэрэг орсон гэж нутгийн La Nación сонин мэдээлжээ.











