



















Хойд Солонгосын (БНАСАУ) удирдагч Ким овгийн гишүүн бус, нэр төдий төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ким Ён Нам 97 насандаа таалал төгссөн талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA өнөөдөр мэдээллээ.

"Хойд Солонгосын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хорооны дарга асан, олон жил дипломат алба хашсан Ким Ён Нам даваа гарагт 97 насандаа нас барлаа" гэж Хойд Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA)-ын эмгэнэлийн бичигт дурдсан байна.
Удирдагч Ким Жон Ун мягмар гарагийн өглөө Ким Ён Намын шарилын дэргэд очиж гашуудлаа илэрхийлсэн гэж KCNA мөн мэдээлжээ.
Ким Ён Нам нь Хойд Солонгосыг хатуу дэглэмээр удирддаг Кимийн тогтолцоонд бодит эрх мэдэлгүй байсан ч 1998 оноос 2019 онд тэтгэвэрт гарах хүртлээ тус улсын нэр төдий төрийн тэргүүнээр ажиллаж, улс орны чухал дипломат мөчүүдийн нүүр царай болж байв.
АНУ-д төвтэй Стимсон төвийн Хойд Солонгосын удирдагч нараар дагнасан шинжээч Майкл Мэдден “Ажлынхаа сүүл үед ихэвчлэн ёслолын шинжтэй үүрэг гүйцэтгэж байсан ч Ким Ён Нам нь дипломат хүрээлэл, гадаад харилцааны ажилтнуудтай холбоо сүлбээ сайтай, нөлөө бүхий хүн байсан” гэж бичжээ.
1928 онд төрсөн тэрээр Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений үед Гадаад хэргийн яаманд чухал албан тушаалд ажиллаж, Хойд Солонгосын гадаад бодлогыг боловсруулахад оролцож байжээ. Харин хожим хүү Ким Чен Ир-ийн үед дээд хэмжээний уулзалт, дипломат төлөөллийг хариуцаж, тус улсыг гадаад ертөнцөд төлөөлөх гол хүн болсон байна.
Мэдденийн хэлснээр, “Тэр бол Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хэнээс нь ч хэзээ ч шийтгэл хүлээж, цөлөгдөж, халагдаж байгаагүй цорын ганц өндөр албан тушаалтан" байсан аж.
Ким Жон Уны үед Ким Ён Нам дипломат салбарын нүүр царай хэвээр үлдэж, 2018 онд Өвлийн олимпийн үеэр Өмнөд Солонгост айлчлан тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож байв.
KCNA-гийн мэдээлснээр, Хойд Солонгос Ким Ён Намд зориулан төрийн ёслолын оршуулга зохион байгуулах ажээ.











