



















Товч агуулга
-Дэг журам, хууль зөрчсөн байж болзошгүй хэргээр генерал шалгагдаж байна.
-Жан Юся нь Ши Жиньпиний Ардын чөлөөлөх арми (АЧА) дахь хамгийн ойрын холбоотон юм.
-Жан нь БНХАУ-ын армийг орчин үеийн болгох гол зүтгэлтнүүдийн нэг гэгддэг.
-Уг шалгалт нь хятадын цэргийн бодлого, байр сууринд хэрхэн нөлөөлөхийг дипломатууд болон шинжээчид ажиглаж байна.
БНХАУ-д зэрэг дэвээрээ хамгийн дээд түвшинд багтддаг генералыг шалгаж эхэлсэн талаар тус улсын Батлан Хамгаалах Яам өчигдөр буюу бямба гарагт мэдэгдлээ. Энэ нь Бээжин зэвсэгт хүчнээ орчин үеийн болгох, олон улсад цэргийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж буй үед дээд түвшний цэргийн удирдлагад хийж байгаа хамгийн том цэвэрлэгээ болж магадгүй байна.

Жан Юся нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дараа орох хоёрдугаар хүн буюу Цэргийн Төв Зөвлөлийн (ЦТЗ) дэд даргаар ажилладаг юм. Уг зөвлөл нь Хятадын зэвсэгт хүчний дээд командлалын байгууллага гэгддэг. Жан Юсяг олон жилийн турш Шигийн арми дахь хамгийн ойр, итгэлт холбоотон хэмээн үзэж ирсэн.

Батлан Хамгаалах Яамны мэдээлж буйгаар, Жан Юся болон Цэргийн Төв Зөвлөлийн Нэгдсэн штабын газрын дарга, генерал Лю Жэньли нарыг сахилгын ноцтой зөрчил үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Жан Юся нь мөн эрх баригч Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд бодит байлдааны туршлагатай цөөн хэдэн дээд түвшний генералуудын нэг юм.
ЦЭРГИЙН САЛБАРТ ЧИГЛЭСЭН ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ
Ши Жиньпин 2012 онд эхлүүлсэн өргөн хүрээтэй авлигын эсрэг кампанит ажлын гол бай нь арми болсон юм. Энэ кампанит ажил 2023 онд Ардын чөлөөлөх армийн дээд түвшинд хүрчээ.
Жан Юсяг албан тушаалаас нь чөлөөлсөн нь 1966–1976 оны Соёлын хувьсгалаас хойш Цэргийн Төв Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг генерал шалгагдаж буй хоёр дахь тохиолдол болж байна.
Тэрээр сүүлд 11 дүгээр сарын 20-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай Москвад уулзсанаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй юм.
Жан Шитэй ойр харилцаатай, мөн Цэргийн Төв Зөвлөлийн үүрэг нь командлал төдийгүй Хятадын армийн орчин үеийн шинэчлэл, стратегийн байр сууринд чухал ач холбогдолтой тул гадаадын дипломатууд болон аюулгүй байдлын шинжээчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
ХЯТАД УЛС ЦЭРГИЙН ХҮЧ ЧАДАЛДАА ИЛТГЭЖ БАЙНА
Хятад улс олон арван жилийн турш дайн тулаанд оролцоогүй ч Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, мөн Тайванийн арлын асуудлаар улам хатуу байр суурь баримталж эхэлсэн. Тайванийг Хятад улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг.
Бээжин өнгөрсөн оны сүүлээр Тайванийн эргэн тойронд түүхэнд байгаагүй том хэмжээний цэргийн сургуулилалт зохион байгуулсан юм.
Сингапурт төвтэй Хятадын аюулгүй байдлын судлаач, Жэймс Чар хэлэхдээ, цэргийн өдөр тутмын ажиллагаа цэвэрлэгээнээс үл хамааран хэвийн үргэлжилж магадгүй ч Жанг онилсон нь авлигын эсрэг кампанит ажил хэт сонгомол байсан гэсэн шүүмжлэлд Ши хариу өгч байгааг харуулж байна гэжээ.
“Ши өмнөх удирдлагуудын орхисон хоосон зайг ихэнхдээ түр хугацаанд хоёрдугаар дэсийн офицеруудаар нөхөж байна” гэж С. Ражаратнамын Стратегийн судалгааны сургуулийн эрдэмтэн Чар онцолсон.
“Хятадын армийг орчин үеийн болгох хүчин чармайлт үргэлжилж, Шигийн АЧА-д тавьсан хоёр зорилго болох — 2035 он гэхэд үндсэн шинэчлэлийг дуусгах, -2049 он гэхэд дэлхийн хэмжээний арми болгох чиглэлд ахиц гаргах”
Жан Юся нь сүүлийн саруудад нэр хүндээ алдсан Цэргийн Төв Зөвлөлийн хоёр дахь дэд дарга болж байна. Өмнөх дэд дарга Хэ Вэйдун өнгөрсөн оны аравдугаар сард авлигын хэргээр намаас болон армийн эгнээнээс хөөгдөж, түүний оронд Жан Шэнмин томилогдсон.
2025 оны аравдугаар сард авлигын хэргээр найман дээд генерал Коммунист намаас хөөгдсөн бөгөөд тэдний дунд Хэ Вэйдун багтжээ.
Сүүлийн жилүүдэд Батлан хамгаалахын хоёр сайд мөн авлигын хэргээр намаас хөөгдсөн. Энэхүү цэвэрлэгээ нь зэвсгийн худалдан авалтыг удаашруулж, Хятадын батлан хамгаалах томоохон компаниудын орлогод сөргөөр нөлөөлж байна.
ИРГЭНИЙ ДАЙНЫ АХМАД ДАЙЧДЫН ХҮҮХДҮҮД
Ши Жиньпин болон Жан Юся нар хоёулаа Хятадын баруун хойд нутаг болох Шэньси мужаас гаралтай бөгөөд 1940-өөд оны иргэний дайнд хамт тулалдаж явсан ахмад дайчдын хүүхдүүд юм.
Бээжинд төрсөн Жан Юся 1968 онд армид элсэж, шат дараалан дэвшсээр 2012 оны сүүлчээр Цэргийн Төв Зөвлөлийн гишүүн болсон нь АЧА-ийн шинэчлэл эрчимжиж эхэлсэн үетэй яг давхцдаг.
АНУ-ын Пентагоны 2023 оны сүүлийн тайланд Жан Юсяг 72 настай тул 2022 онд тэтгэвэрт гарах ёстой байсан гэж дурдсан байдаг.
“Гэвч Жанг гурав дахь удаагаа ЦТЗ-д үлдээсэн нь Ши өөрт ойр, туршлагатай холбоотныг цэргийн гол зөвлөхөөрөө хадгалах хүсэлтэй холбоотой байж магадгүй” гэж уг тайланд тэмдэглэсэн байна.
Жан Юся 1979 онд БНХАУ Вьетнам, Камбож руу довтолж, Бээжингийн дэмжлэгтэй Улаан Кхмерүүдийг унагасны хариуд эхлүүлсэн богино боловч цуст хилийн мөргөлдөөнд оролцсон.
Тэр үед 26 настай Жан фронтын шугамд очиж, богино хугацаанд дэвшсэн талаар төрийн хэвлэлүүд мэдээлдэг. Тэрээр мөн 1984 онд Вьетнамтай хийсэн хилийн мөргөлдөөнд оролцжээ.
“Дайралт, хамгаалалтын аль ч үед Жан Юся онцгой сайн удирдсан” хэмээн “Хятадын генералууд дайснаа тулалдаанд ялсаэ” гарчигтай 2017 оны China Youth Daily сонины нийтлэлд бичсэн байна.
Зарим судлаачдын үзэж буйгаар, Жан Юся энэхүү дайны дараа цэргийн тактик, зэвсэглэл, сургалт бэлтгэлийг орчин үеийн болгох ёстой гэсэн хатуу байр суурьтай шинэчлэгч болж төлөвшсөн аж.






