



















Пүрэв гарагт Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ мэдэгдэл хийхдээ Хятад улс ардчилсан Тайванийг чиглэсэн нөлөөллийн кампанит ажил, (Пи АР) нэвтрэлтийг улам гүнзгийрүүлж байна гэж мэдэгдэж, Бээжингийн "Тайванийг уусгах" оролдлогыг таслан зогсоох арга хэмжээ авна хэмээн амлалаа. Сүүлийн жилүүдэд Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цэргийн сургуулилт, худалдааны хориг арга хэмжээ, нөлөөллийн кампанит ажлаа эрчимжүүлсэн гэж Тайвань буруутгадаг.
Үндэсний аюулгүй байдлын өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзалт хийсний дараа сэтгүүлчдэд хандан Лай "Бээжин Тайванийн ардчиллыг ашиглан зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хэвлэл мэдээллийн хүмүүс, одоо болон өмнө нь ажиллаж байсан цэргийн болон цагдаагийн албан хаагчдыг 'уусган авч' байна" гэж мэдэгдэв.
"Тэд (Хятад) бидний дотроос хуваах, сүйтгэх, самууруулах үйл ажиллагаа явуулж байна" гэж Ерөнхийлөгч Лай Ерөнхийлөгчийн ордноос шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
БНХАУ-ын Тайванийн асуудал эрхэлсэн алба уг мэдэгдлийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин Бээжингийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Тайвань бол Хятадын нэг хэсэг гэдэг бодит үнэн болон эх оронтойгоо зайлшгүй дахин нэгдэх үйл явцыг Лайн засгийн газар юу гэж хэллээ ч өөрчилж чадахгүй" гэжээ.
Лайн хэлснээр, Засгийн газрын мэдээллээр өнгөрсөн онд Хятадын тагнуулын хэргээр 64 хүнийг яллагдагчаар татсан нь 2021 оныхоос гурав дахин их тоо бөгөөд тэдний олонх нь одоо болон өмнө нь ажиллаж байсан цэргийн албан хаагчид ажээ.
"Манай ард түмэн ардчилал, эрх чөлөө, сайн сайхан амьдралаа аажим аажмаар алдахаас айж байна" гэж Лай онцлон хэлсэн байна.
Тэрбээр БНХАУ-ын ийм үйл ажиллагааг Тайванийн "Гадаадын дайсагнасан хүчний эсрэг хууль"-ийн хүрээнд тодорхойлсон "Дайсагнасан гадаад хүчин" гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Ерөнхийлөгч Лай хариу арга хэмжээний хүрээнд 17 хуулийн болон эдийн засгийн арга хэмжээ санал болгосон бөгөөд үүнд Хятадын иргэдийн Тайваньд айлчлах, оршин суух хүсэлтийг чангатгаж шалгах, цэргийн шүүхийн үйл ажиллагааг сэргээх саналууд оржээ.
Мөн тэрбээр "Хоёр эргийн хоорондох" мөнгө, хүн, технологийн урсгалд шаардлагатай өөрчлөлт хийхээ мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.
Нэмж дурдахад, Хятадад тоглолт хийж буй Тайванийн жүжигчин, дуучдад хандан "Тэдний үг, үйлдлийн талаар" анхааруулга өгөхөө илэрхийлсэн бөгөөд энэ нь Бээжингийн зүгээс Тайванийн алдартнуудыг Хятадыг дэмжсэн мэдэгдэл хийлгэх дарамт шахалт үзүүлж байна гэж үзэж буйгийн илрэл юм.
"Бид илүү идэвхтэй арга хэмжээ авахгүй бол болохгүй боллоо" гэж Ерөнхийлөгч хэлэв.
Харин Бээжингийн Тайванийн асуудал эрхэлсэн алба энэ долоо хоногт "Тайванийн ард иргэд, уран бүтээлчид Хятадыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэх нь хэвийн үзэгдэл" гэж мэдэгдсэн байна. Энэ нь Тайваньд олны дургүйцлийг төрүүлээд буй бөгөөд Тайванийн хэд хэдэн алдартнууд Хятадын олон нийтийн сүлжээнд "Тайвань бол Хятадын нэг муж" гэсэн мэдэгдэл хийсний дараа өрнөсөн юм.
Хятад улс Тайванийг өөрийнхөө нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үздэг ба хүч хэрэглэхээс татгалзахаа хэзээ ч амлаагүй.
Харин Тайванийн засгийн газар Бээжингийн тусгаар тогтнолын эсрэг байр суурийг няцааж, Тайванийн иргэд л өөрсдийн ирээдүйг шийдэх эрхтэй гэж мэдэгддэг.











