



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын ховор металлын экспортыг өргөн хүрээнд хязгаарлах шийдвэрийг “гэнэтийн бэлэг” хэмээн тодорхойлж, БНХАУ-ыг “маш дайсагнасан” хандлагатай болж байна гэж буруутгав.
Гэвч Бээжингийн зүгээс үзэхдээ, АНУ нь БНХАУ-ын компаниудын эсрэг хориг, хязгаарлалтаа улам өргөжүүлснээр худалдааны хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь тус улсыг эргээд электроник, автомашин, хагас дамжуулагч зэрэг олон салбарт зайлшгүй шаардлагатай ховор металлын экспортод илүү хатуу хяналт тогтоохоос аргагүйд хүргэсэн гэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурцадмал байдал огцом нэмэгдэв — АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын шинэ экспортын хяналтад хариу болгон тус улсын бараанд ногдуулах татварыг “Гурван оронтой хувь”-д хүргэн нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Үүнд БНХАУ-ын засгийн газар “Адил хэмжээний хариу арга хэмжээ авна” гэж амалсан юм.
Дэлхийн хоёр том эдийн засгийн энэ мэт алхмууд нь зах зээлийг донсолгож, үйлдвэрлэлийн салбаруудыг түгшээж, тавдугаар сард болсон “татварын дайн”-ны үеийнхтэй төстэй нөхцөл дахин үүсэх вий гэсэн айдас төрүүлэв.
Мөн энэ нь сүүлийн саруудад яригдаж байсан худалдааны хэлэлцээний ахиц дэвшлийг замхруулах, энэ сарын эцэст Өмнөд Солонгост болохоор төлөвлөсөн Ши Жиньпин ба Трампын уулзалтыг ч эргэлзээтэй болгов.
Трамп уг уулзалтыг цуцалж магадгүй хэмээн мэдэгдсэний дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Уулзалт болох төлөвлөгөө хэвээр байгаа” гэж Fox News-д ярьжээ.
БНХАУ-ын Худалдааны Яам мягмар гарагт мэдэгдэхдээ “Яриа хэлэлцээнд нээлттэй хэвээр” ч АНУ “Шинэ сүрдүүлэг хийж байхад яриа өрнүүлэх боломжгүй” гэж анхааруулжээ.
Хятадын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ бүх хурцадмал байдал Трампын засаг захиргаа есдүгээр сарын сүүлээр Хятадын компаниудын эсрэг экспортын хязгаарлалтаа эрс тэлээгүй бол үүсэхгүй байлаа.
Бээжингийн Ренмин их сургуулийн олон улсын харилцааны профессор, засгийн газрын зөвлөх Жин Канжун “АНУ Хятадыг хазаж аваад, дараа нь өөрийгөө буруугүй мэт дүр эсгэж байна” гэж нийгмийн сүлжээ Вэйбо дээрээ бичжээ.
Фуданы их сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн захирал, Гадаад хэргийн яамны зөвлөх Ву Шинбо хэлэхдээ, зуны турш АНУ, Хятад хоёрын харилцаа суларсан байдалтай байсан ч, есдүгээр сард Мадрид дахь худалдааны хэлэлцээ болон Ши, Трамп нарын утасны ярианы дараа уур амьсгал түр зуур сайжирч байв. Гэвч Ши тэр утасны ярианд “АНУ нэг талын хориг арга хэмжээ авч, олсон ахиц дэвшлийг нурааж болохгүй” хэмээн анхааруулсан байлаа.
Гэсэн ч Вашингтон арав хоногийн дараа, есдүгээр сарын сүүлчээр, өмнө нь хоригт орсон Хятадын болон бусад орны компаниудын охин компаниудыг мөн хяналтад оруулснаар, экспортын хязгаарлалтад хамрагдсан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн тоог 3 мянгаас хэдэн мянгаар нэмэгдүүлжээ.
“БНХАУ-ын талаас харвал энэ нь маш дайсагнасан үйлдэл” гэж Ву хэлээд “Хэрвээ АНУ хагас жил Хятадтай харилцаад ийм алхамын цаашдын үр дагаврыг ойлгохгүй байгаа бол Дональд Трампын баг үнэхээр чадваргүй байна” хэмээн шүүмжилжээ.
БНХАУ-ын Худалдааны яам ням гарагт гаргасан мэдэгдэлдээ АНУ Хятадын хөлөг онгоц Америкийн боомтод зогсоход төлбөр ногдуулах төлөвлөгөө гаргасныг жишээ болгон дурдаж, “Энэ бүх үйлдэл Хятадын ашиг сонирхолд хохирол учруулж, хоёр улсын эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний уур амьсгалыг эвдэж байна” гэжээ.
Albright Stonebridge группийн Хятад, технологийн шинжээч Пол Триоло “бид дахин ангалын ирмэг дээр ирлээ” гэжээ. “Гэхдээ энэ удаа илүү өндөр эрсдэлтэй — учир нь хоёр тал аль аль нь ийм мөргөлдөөний үр дагаврыг мэддэг болсон байлгүй дээ гэж анхааруулсан байна.”
Тавдугаар сард Женевт болсон хэлэлцээний үр дүнд хоёр улс өндөр татваруудаа бууруулахаар тохиролцсоны дараа Трамп дараах алхмуудыг хийсэн —
Хятадын Huawei компанийн хиймэл оюуны чипийг дэлхий даяар хэрэглэхийг хориглов.
Хятадад чиглэсэн чип зохион бүтээх программ хангамжийн экспортод хязгаарлалт тогтоов.
АНУ-д суралцаж буй Хятадын оюутнуудын визийг хүчингүй болгохоор сүрдүүлэв.
Эдгээр алхамууд хэлэлцээг долоо хоногуудад зогсоож, дараа нь хүчтэй хэлэлцээний дараа түрхэн зуурын “Худалдааны амралт” тогтоосон юм.
Триологийн хэлснээр, Бээжингийн ховор элементийн экспортыг хязгаарлах шийдвэр бол “логик” бөгөөд “пропорциональ” хариу арга хэмжээ, Трампын алхмуудад таарсан хэмжээнийх болохоос ирээдүйн хэлэлцээнд давуу байдал олох зорилготой шинэ алхам биш юм.
Хятад улс дэлхийн ховор металл буюу “rare earth”-ийн нийлүүлэлтийн бараг монополчилдог — эдгээр нь нийт 17 төрлийн ашигт эрдэс бөгөөд тэдгээрийг боловсруулах, цэвэршүүлэх технологиороо мөн БНХАУ давамгайлдаг.
Шинэ дүрэм нь экспортын хяналтад хамрагдах элементүүдийн тоог нэмэгдүүлээд зогсохгүй, үйлдвэрлэлийн технологи болон гадаадад ашиглах нөхцөлийг ч хязгаарлаж байна.
Жишээлбэл, Хятадад үйлдвэрлэсэн эсвэл Хятадын технологи ашиглан боловсруулсан ховор элементүүдийг гуравдагч оронд нийлүүлэх гадаад компаниуд ч эдгээр хязгаарлалтад багтаж байгаа юм.
Эдгээр шинэ журам нь дэлхийн үйлдвэрлэл, технологийн хангамжийн сүлжээнд хүчтэй нөлөө үзүүлсэн. 2025 оны 4-р сард Бээжин анх ховор металл экспортод тусгай лицензийн шаардлага нэвтрүүлснээс хойш автомашин, батлан хамгаалах, электроникийн үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж эхэлжээ.
Шинэ журам нь мөн хагас дамжуулагч үйлдвэрлэлд хэрэглэгддэг ховор элементийн экспортыг хязгаарлаж байгаа тул хиймэл оюуны чипийн дэлхийн эрэлт, хөгжлийн хурдад саад болох магадлалтай.
Гэвч Хятадын Худалдааны яам “Энэ нь экспортын хориг биш” хэмээн мэдэгдэж, шаардлага хангаж буй өргөдөлд лиценз олгоно гэж тайлбарлажээ.
Шинжээчид хэлэхдээ, Бээжингийн энэхүү арга хэмжээ нь АНУ-ын олон жилийн турш хагас дамжуулагчийн салбарт тавьж ирсэн хязгаарлалтыг дуурайсан шинжтэй. Үүнд “Foreign Direct Product Rule” буюу “Гадаадын бүтээгдэхүүний дүрэм” хэмээх, АНУ-ын технологи ашигласан гуравдагч орны бүтээгдэхүүнийг Хятадад экспортлохыг хориглосон арга хэмжээ ч багтдаг.
Хэдийгээр Бээжин ийм “урт гарын хяналт” (long-arm jurisdiction)-ыг өмнө нь шүүмжилж байсан ч, энэ удаа ижил тактикийг хэрэглэхэд бэлэн гэдгээ харууллаа.
Фуданы их сургуулийн Ву Шинбо “Трампын анхны бүрэн эрхээс эхлээд Байдены үе, одоо түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд АНУ тасралтгүй татвар, технологийн хоригоо нэмсэн. Бээжин эдгээр бүх алхмыг тэмдэглэж ирсэн — одоо хариу тооцох цаг ирсэн” гэжээ.
Ши, Трамп нарын уулзалт болох эсэх тухайд Ву хэлэхдээ:
“АНУ л тодорхой алхам хийх ёстой. Хятадын ашиг сонирхлыг золиослон, АНУ-ын дарамтад буулт хийх ёсгүй.”
Трамп өөрийн Truth Social сүлжээнд “Бид Хятадад туслахыг хүсэж байна, хорлохыг биш. Битгий санаа зов, бүгд сайн сайхан болно!” гэж бичжээ.
Ренмин их сургуулийн олон улсын харилцааны профессор Ван Ивэй хэлэхдээ, Хятад Трампыг анхны бүрэн эрхийнх нь үеэс судалж ирсэн бөгөөд “түүний наймааны урлаг, арга барил, Америкийн сул талыг бүрэн ойлгодог болсон” гэжээ.
“Одоо бол АНУ л сандарч байна — Хятад биш,” гэж тэр хэлээд, Трамп дотооддоо ч урт хугацааны засгийн газрын зогсолт болон улс төрийн дарамтад орсон байгааг онцлов.
Хятад ховор элементүүдийн нийлүүлэлтээ хатуу хянаж буй тул АНУ ойрын хугацаанд Хятадаас хараат хэвээр байх болно гэж Ван дүгнэжээ.
“Америкчуудын хувьд энэ бол тодорхой дохио — бодитой бай, БНХАУ-тай хамтран ажиллах нь илүү дээр" гэсэн юм.









