



















Бямба гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хүи БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хятадын тэргүүлэх дипломатч Ван И-тэй уулзсан талаар хоёр орны албан ёсны мэдээллийн агентлагууд уламжиллаа. Энэ нь Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын хувьд сүүлийн нэг сарын хугацаанд Хятадын нийслэлд хийж буй хоёр дахь айлчлал нь болж байна.
Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, Ван И Чой Сон Хүйд хандан “БНАСАУ-тай олон улсын болон бүс нутгийн асуудалд уялдаа холбоотойгоор хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэж мэдэгдсэн гэжээ.

Судлаачдын хэлж буйгаар, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дэлхий дахинд дахин гарч ирэхийг эрэлхийлж байгаа аж. Тэрээр энэ сарын эхээр Чой Сон Хүитэй хамт Бээжинд зорчиж, Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай мөр зэрэгцэх ховор боломж олгосон "Ялалтын парад"-д оролцсон юм. Ингэснээр тэрээр цөмийн хөтөлбөрийнхөө хувьд албан ёсоор хориглогдсон ч улс төрийн дэмжлэгийг шууд бус байдлаар олж авсан байна.
КНАА (Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг)-ын мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Чой Сон Хүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-д Ким Жон Ун даргын захидлыг дамжуулж, хоёр орны харилцаа өөрчлөгдөшгүй бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжих ёстой гэж онцолсон байна.
КНАА-гийн мэдээлснээр, Чой хэлэхдээ: “Ши Жиньпин, Ким Жон Ун нарын хамгийн сүүлийн уулзалтын үеэр хоёр орны харилцааны үндсэн чиглэл, зарчмыг тогтоосон бөгөөд энэ нь өөрчлөгдөж буй олон улсын нөхцөлд нийцэж байна” гэжээ.
Ван И Чойд хэлэхдээ, хоёр намын удирдсан улс харилцан туршлагаа хуваалцах хэрэгтэй хэмээн онцолж, мөн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн дотоод нөхцөл байдлын талаар танилцуулжээ.
КНАА-гийн мэдээлснээр, Бээжинд айлчилж байхдаа Ким Жон Ун Ши Жиньпинд “Пхеньян нь БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэрэгт байнга дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн байна.
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь Ши Жиньпин ирэх 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-ний хооронд БНСУ-ын Кёнжү хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж буйтай давхцаж буй аж.
Өмнөд Солонгосын талын үзэж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн APEC-ийн арга хэмжээнд оролцохоор Сөүлд айлчлах магадлалтай ч Вашингтон албан ёсоор батлаагүй байна.











