



















Даваа гарагт АНУ-ын Төрийн департамент "БНХАУ-д хувийн шугамаар зорчсон АНУ-ын "Патент ба Барааны тэмдэг"-ийн газрын ажилтныг гарч явахыг тус улсын Засгийн газар хориглолоо" гэж мэдээлэв.
“Бид энэ асуудлыг маш анхааралтай ажиглаж, нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын албаны хүмүүстэй хамтран ажиллаж байна” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ.
АНУ-ын Патент ба Барааны тэмдгийн газар нь Худалдааны яамны харьяа байгууллага юм.

Тухайн хүний нэр, хоригдсон эсэх талаарх мэдээллийг Төрийн департамент дэлгээгүй байна.
АНУ дахь Хятадын Элчин сайдын яам болон АНУ-ын Худалдааны Яамны зүгээс одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байгаа аж.
The Washington Post сонин, Худалдааны яаманд ажилладаг нэгэн иргэн БНХАУ дахь гэр бүлээ эргэхээр хэдэн сарын өмнө Хятад руу зорчжээ. Тэрээр виз мэдүүлэхдээ өөрийгөө Засгийн газрын ажилтан гэдгээ мэдүүлээгүй тул түүнийг нутаг буцахыг хориглосон гэж эх сурвалжууд дурдсаныг мэдээлсэн байна.
Хятад улс дотоодын иргэд болон гадаадын иргэдийг зарим тохиолдолд улс орноосоо гарахыг хориглодог. Үүнийгээ иргэний хэрэг маргаан, зохицуулалтын хэрэгжилт, эсвэл эрүүгийн мөрдөн байцаалттай холбоотой хэмээн мэдэгддэг юм. Судлаачдын үзэж буйгаар, зарим тохиолдолд “Гарахыг хориглох арга” нь дотоодын эсэргүүцлийг дарж авах болон гадаад улс орнуудтай хийж буй дипломат маргаанд дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болдог.
АНУ болон БНХАУ-ын хооронд сүүлийн жилүүдэд тариф, COVID-19-ийн үүсэл, Тайванийн асуудал зэрэг олон асуудлаар хурцадмал байдал үргэлжилж байгаа.
Мөн “Wells Fargo” банкны ажилтан Ченьюэ Маог БНХАУ-аас гарахыг хориглосон талаар мэдээлэл цацагдсан. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар, Мао нь эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад хамтран ажиллах үүрэгтэй гэжээ.
Мао нь гадаадын корпорацийн удирдах ажилтнуудын дунд сүүлийн үед БНХАУ-руу зорчиж байгаад хоригт орсон олон тохиолдлын нэг юм.
Өнгөрсөн долоо хоногт Wells Fargo банкны эх сурвалж Ройтерст мэдээлэхдээ, Мао нь АНУ-ын иргэн бөгөөд энэ явдлын дараа тус банк БНХАУ руу ажилтнуудынхаа хийх аяллыг бүрэн зогсоосон гэжээ.











