



















Товч агуулга
-Ши Жиньпиний урилга нь Ли Жэ Мёны Японд айлчлахаас өмнө харилцаагаа гүнзгийрүүлэх зорилготой
-Өмнөд Солонгос Улс АНУ-тай харилцах харилцаа болон Хойд Солонгосын асуудлын дунд тэнцвэр хайж байна
-Лигийн айлчлалаар Өмнөд Солонгос , БНХАУ-ын хоорондох технологи, нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг хэлэлцэнэ
Ирэх ням гарагаас эхлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён-ыг төрийн айлчлалаар хүлээн авна. Энэ нь Тайванийн асуудлаас үүдэн Японтой харилцаа хурцадмал болсон үед Бээжин Сөүлтэй харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгааг илтгэж байгаа юм.

Уг айлчлал нь Ши болон Ли нар сүүлийн хоёр сар дотор хоёр дахь удаагаа уулзаж буй уулзалт болж байгаа бөгөөд ийм богино хугацаанд дахин уулзаж байгаа нь БНХАУ, БНСУ-тай харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард иргэд хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.
Хятад, Японы харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хурцадсан. Үүний шалтгаан нь Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад Тайваньд довтолбол Токио цэргийн арга хэмжээ авч болзошгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотой юм.
Ши Жиньпин ням гарагт Ли Жэ Мёныг төрийн айлчлал хийхийг урьсан нь Өмнөд Солонгосын удирдагч Япон улсад айлчлахаас өмнө хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой тооцоолсон алхам гэж шинжээчид тайлбарлаж байна.
“Хятад улс Өмнөд Солонгосын ач холбогдлыг өмнөхөөсөө арай илүү онцлон харуулахыг хүсэж байна” хэмээн "Хангук" Гадаад Судлалын Их Сургуулийн улс төр, эдийн засгийн профессор Кан Жүн Ён хэлжээ. Мөн тэрээр “Өмнөд Солонгос Японтой дахин дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө (Ли Жэ Мён)-ыг эхлээд Хятадад айлчлуулах нь стратегийн хувьд ашигтай гэж Бээжин үзсэн бололтой” гэж нэмж хэлсэн байна.
Ли Жэ Мёны үндэсний аюулгүй байдлын гол зөвлөх Ви Сон Лак баасан гарагт мэдэгдэхдээ, Ли-Ши нарын дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын харилцаанд “шинэ хуудас нээх” болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр мөн эдийн засаг, бизнес, уур амьсгалын чиглэлээр 10-аас дээш хэлэлцээр бэлтгэж байгаа ч хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөөгүйг дурдсан байна.
Ли Жэ Мёны засаг захиргаа Бээжинтэй харилцаагаа “сэргээх” зорилготой байгаагаа илэрхийлж, Хятад улс Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
Энэхүү чиг хандлага нь өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёл-ын үед хурцадсан харилцааны дараах эерэг өөрчлөлт юм. Юн Сог Ёлын засаглал АНУ, Японтой илүү ойртсон бодлого баримталж, Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг шүүмжилж байсан нь хоёр орны харилцааг эрс муутгасан.
Харин одоо Өмнөд Солонгос Улс тэнцвэр барихыг хичээж, Азийн аж үйлдвэрийн томоохон төвд заналхийлэх аливаа зөрчилд татагдан орохоос зайлсхийхийн тулд Хятадтай хийх хамтын ажилагаандаа илүү налж байгаа аж.
Ли Жэ Мён өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятад, Японы хоорондын дипломат маргаанд аль нэг талд орохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
АНУ-ЫН ХОЛБОО БА ХОЙД СОЛОНГОС
Гэсэн хэдий ч Хятад, Өмнөд Солонгосын харилцаанд нарийн төвөгтэй асуудлууд байсаар байна. Хятад улс АНУ-тай стратегийн өрсөлдөөн өрнүүлж байгаа бол АНУ нь Өмнөд Солонгосын бүс нутгийн гол холбоотон хэвээр байгаа юм. Мөн цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосын урьдчилан таамаглахад бэрх байдал хоёр орны хувьд томоохон сорилт болсоор байна.
Хятад улс Хойд Солонгосын хамгийн гол холбоотон, эдийн засгийн гол амьсгалынх нь судас хэвээр байгаа юм.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд асан, Сэжун судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Шин Бом Чул-ын хэлснээр, "Ши Жиньпин болон Ли Жэ Мён нарын уулзалтаар Өмнөд Солонгос–АНУ-ын холбоотны харилцааг шинэчлэх оролдлого зэрэг маргаантай асуудлууд ч яригдаж магадгүй байна"









