



















БНСУ-ын сөрөг хүчний удирдагч Ли Же Мён хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа. Ирэх зургадугаар сарын 3-ны өдөр болох сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай байгаа тэрээр орлогын тэгш бус байдлыг арилгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээ амлаад байгаа юм. Мөн тэрээр “Эдийн засгаа сэргээхийн тулд технологи, хүний нөөцийн хөгжилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэдгээ ч зарласан. Өөрийгөө “прагматик” хэмээн тодорхойлдог Ли Же Мёнийг эрх баригч намынхан АНУ-тай харилцаагаа сулруулж, Японтой сайжраад байгаа харилцаанд сэв суулгах магадлалтай хэмээн шүүмжилдэг. Ли Же Мён “БНСУ-АНУ-ын харилцаа чухал, БНСУ, Япон, АНУ-ын хоорондын харилцаа ч чухал. Гэхдээ БНСУ-ын үндэсний эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой” хэмээн мэдэгдсэн.
Шинээр сонгогдох БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэн тэргүүнд шийдэх асуудал нь АНУ-тай тарифын асуудлаар хэлцэлд хүрэх явдал юм. БНСУ, АНУ-ууд нь аюулгүй байдлын хувьд түнш улс бөгөөд тус улсын хөрш улс болох БНАСАУ-аас ирэх аюул заналыг сөрөн зогсох нь нэн тэргүүний ач холбогдолтой ч худалдааны тарифын асуудал нь хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгалыг авчрах магадлалтай байгаа юм.
Өдгөө 61 настай Ли Же Мён 2022 оны сонгуульд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлтой өрсөлдөж, тус улсын түүхэнд байгаагүй хамгийн бага саналын зөрүүтэй ялагдсан байдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил тэрээр өөрийн Либерал Ардчилсан намыг Парламентын сонгуульд үнэмлэхүй ялалтад хүргэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Либерал сонгогчдын хувьд тэрээр маш өндөр дэмжлэгтэй. Ли Же Мён лхагва гарагт сөрөг хүчний намын даргын албан тушаалаа өгч Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилдаа идэвхийлэн орсон байна.
Гэвч Ли Же Мён 1 тэрбум ам.долларын өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн хэрэгт орооцолдсон нь түүнийг эрх зүйн асуудалтай нүүр тулж магадгүй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. БНСУ-ын прокурорууд гуравдугаар сард Ли Же Мёнийг сонгуулийн хууль зөрчсөн хэргийн талаар шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа юм. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь эдгээр асуудлууд бэрхшээл учруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 2024 оны нэгдүгээр сард Ли Же Мён хүзүүндээ хутгалуулж хүнд шарх авч байсан юм.
АНУ-ын “Gallup” судалгааны агентлагаас нэр дэвшигчдийн талаар явуулсан судалгаагаар тэрээр 34 хувийн дэмжлэгтэй байгаа бол түүний гол өрсөлдөгч консерватив хүчнээс нэр дэвшээд буй Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су дөнгөж 9 хувийн дэмжлэгтэй байгаа аж. Гэхдээ консервативуудын дунд олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба эрх баригч Ардчилсан нам тавдугаар сард анхан шатны сонгуулиа хийж өөрийн нэр дэвшигчээ зарлах юм. Эрх баригч намаас намын дарга асан Хан Дон өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлах мэдээлэлтэй байна. Тэрээр өмнөх огцорсон Ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай байсан гэгддэг импичментийг дэмжсэн аж.
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийхээр завдсан төрийн эргэлт нь хууль ёсны бус үндсэн хуульд нийцээгүй гэсэн шийдвэрээ үндэс хуулийн шүүх дөрөвдүгээр сарын 4-ны өдөр гаргаснаар тэрээр албан ёсоор огцорсон юм.











