



















БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх (Цэц) Юн Сог Ёлийг Ерөнхийлөгчөөр нь үлдээх эсвэл огцруулах эсэх шийдвэрээ дөрөвдүгээр сарын 4-н буюу ирэх баасан гарагт гаргана гэдгээ мэдэгдлээ. Шүүхийн шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Ерөнхийлөгч Юнийг Үндсэн хууль дээр заагдсан үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр огцруулсан. Тэрээр арванхоёрдугаар сарын эхээр үндэслэлгүйгээр цэргийн онц байдал зарласан гэх шалтгаанаар албан тушаалаасаа түтгэлзүүлээд байсан юм.
Ерөнхийлөгч Юн хоёрдугаар сарын 25-ны өдөр Үндсэн Хуулийн шүүхэд мэдүүлэхдээ "Парламентын цөөнх буюу Ардчилсан намынхан эрх мэдлээ урвуулан ашиглаж улс орноо аюулд учруулж буйг анхааруулах, умард солонгосыг дэмжигчид төрийн эрхийг гартаа авах гэсэн оролдлогыг таслан зогсоохыг зорьсон. Үүнийгээ ард түмэндээ мэдэгдэхийг оролдсон" хэмээн мэдүүлсэн юм.
Өмнө нь прокурор байсан Ерөнхийлөгч Юн бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорч магадгүй байна. Үндсэн хуулийн шүүх түүнийг буруутай гэж үзэн огцруулбал, 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хуультай. Үндсэн хуулийн шүүх нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ч, нэг суудал хоосон байгаа юм. Найман гишүүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн шүүх зургаа болон түүнээс дээш гишүүнтэйгээр Юнийг Ерөнхийлөгчийн суудлаас огцруулах эсэхийг шийдэх хуулийн заалттай.
Шүүхийн шийдвэр гарах хугацаа сунжирснаар эрх баригч намын зүгээс Юнийг буцаан томилохыг шаардаж буй бол сөрөг хүчний зүгээс огцруулахыг шаардах зэргээр улс төрийн тэмцэл ихээхэн хурцдаад байгаа.
Улстөрийн хурцадмал байдалтай холбоотойгоор ард иргэдийн дунд хуваагдал үүсэж, эсэргүүцэх дэмжих жагсаалууд өдөр бүр гарах болсон юм.
Тус улсын цагдаагийн байгууллага шүүхийн шийдвэр гарсны дараа эмх замбараагүй байдал гарч, зөрчилдөөн нэмэгдэж магадгүй хэмээн анхааруулаад байна.
Сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс шүүхийн шийдвэр Юнийг эсрэг гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Парламент дахь намын бүлгийн дарга Пак Чан Дэ мэдэгдээд байгаа. Олон нийтийн санал асуулгаар ихэнх хүн Юнийг огцруулахыг дэмжиж байгаа ч цэргийн эргэлт хийх үетэйгээ харьцуулбал буурсан байна.
Ерөнхийлөгч Юнийн цэргийн эргэлт хийх оролдлого хийсэн хэргээр тусдаа эрүүгийн шүүхэд дуудагдаад байгаа бөгөөд эрүүгийн шүүх түүнийг буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял тулгана. Гэхдээ БНСУ-д хамгийн сүүлд 1997 онд цаазын ялыг гүйцэтгэсэн.
Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргах эсэх дээр анх удаа санал хураагаагүй. Өмнө нь 2017 онд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг тухайн үеийн Үндсэн Хуулийн шүүхийн гишүүд гаргаж байсан юм.
Үндсэн хуулийн шүүх гуравдугаар сарын 24-нд Ерөнхий сайд Хан Дог-суг албан тушаалд нь буцаан томилсон бөгөөд одоо тэрээр Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байна.











