



















АНУ-ын зэвсэгт хүчин Ням гарагт Ираны гурван цөмийн байгууламж руу цохилт өгсний дараа бусад улсын удирдагчид байр сууриа илэрхийлэв.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ бичлэгээр хийж, уг үйлдлийг сайшаан
"Танд баяр хүргэе, Ерөнхийлөгч Трамп аа. Ираны цөмийн байгууламжуудыг Америкийн сүр хүчээр онилсон таны шийдэмгий шийдвэр түүхийг өөрчилнө... Дэлхийн хамгийн аюултай дэглэмийг хамгийн аюултай зэвсгээс нь салгасан Ерөнхийлөгч Трампын үйлдлийг түүх тэмдэглэн үлдээх болно." гэжээ.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи олон нийтийн сүлжээ X-д байрлуулсан мэдэгдэлдээ уг цохилтыг "доромжлол" бөгөөд "НҮБ-ын дүрэм, олон улсын хууль, ЦӨХГ (Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ)-ийн ноцтой зөрчил" хэмээн буруушаав.
Аракчи Иран улс "Нийтийн эрх ашиг, бүрэн эрхт байдал, ард түмнээ хамгаалахын тулд НҮБ-ын дүрэмд заасан өөрийгөө хамгаалах бүх сонголтыг хадгална" гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш АНУ-ын цэргийн ажиллагаанд түгшиж буйгаа илэрхийлж, үүнийг "Аль хэдийн хурцадмал бүс нутагт аюултай хурцатгал", мөн "Олон улсын энх тайван, аюулгүй байдалд шууд заналхийлэл" гэж нэрлэв. Тэрээр гишүүн орнуудыг "Хурцадмал байдлыг намжааж, НҮБ-ын дүрмийн дагуу үүргээ биелүүлэхийг" уриалж, "Цэргийн шийдэл гэж үгүй, цорын ганц гарц бол дипломат арга зам" гэдгийг онцлон тэмдэглэв.
Бусад орнууд ч мөн байр сууриа илэрхийллээ:
Австралийн Засгийн газрын төлөөлөгч: "Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж ирсэн" гэж үзэж буйгаа илэрхийлээд, АНУ-ын Ерөнхийлөгчийн энхийн тухай мэдэгдлийг дурдан "Хурцадмал байдлыг бууруулах, хэлэлцээ, дипломат арга замыг дэмжих" уриалга гаргав.
Мексикийн Гадаад хэргийн яам мөн "Талуудын хооронд энх тайвны төлөө дипломат яриа хэлэлцээг өрнүүлэх", бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахыг уриалсан юм.
Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль илүү хурц байр суурьтайгаар мэдэгдэл хийж, АНУ-ын Ираны Фордоу, Натанз, Исфахан дахь цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөн үйлдлийг "Израилийн хүсэлтээр явуулсан цэргийн түрэмгийлэл" хэмээн тодорхойлон "Хатуу, эрс шийдэмгий" буруушаал илэрхийлжээ.











