



















Ахмад дайчин Пан Чэн-Фагийн хувьд Японы эсрэг Дэлхийн II дайнд БНХУ-ын (Бүгд Найрамдах Хятад Улс) төлөө тулалдсан дурсамж нь тодхон үлджээ. Гэвч түүнээс тухайн үед бүгд найрамдах засгийн газартай түр эвсэж явсан коммунист хүчний үүргийн талаар асуухад тэрээр ихээхэн бухимддаг.

“Бид тэдэнд зэвсэг, тоног төхөөрөмж өгч, хүчирхэг болгосон” хэмээн 99 настай Пан наймдугаар сарын 16-нд Тайпэй хотод болсон, Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд уригдан оролцох үеэр хэлсэн байна.
БНХАУ-ын (Бүгд Найрамдах Хятад Ард Улс) нийслэл Бээжин ирэх сард дайны ялалтыг тэмдэглэн цэргийн томоохон парад зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед Тайвань (албан ёсоор Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн нэрлэгддэг) болон БНХАУ хоёрын хооронд түүхийн үнэн ба хэн ялалтын гол гавьяаг хүртэх ёстой тухай маргаан ширүүсээд байна.
Хятад дахь тулалдаан 1937 онд Японы бүрэн хэмжээний довтолгоогоор эхэлсэн бөгөөд 1945 онд Япон бууж өгтөл үргэлжилжилсэн юм. Тухайн үед хэдэн арван жил Японы колони байсан Тайвань арлыг Бүгд Найрамдах Хятад Улсад шилжүүлсэн байна.
“Япон бууж өгсний дараа коммунистуудын дараагийн бай нь Бүгд Найрамдах Хятад Улс болсон” хэмээн Пан ярьж, эцэстээ Мао Зэдун тэргүүтэй коммунистууд ялж, бүгд найрамдах засгийн газар Тайвань руу дүрэвсэн юм.
БНХАУ-ын Коммунист нам өөрийн Японы эсрэг тэмцлийг тогтмол онцлон сурталчилдаг ч дайны ихэнх ачааг Чан Кайшигийн бүгд найрамдах армийнхан үүрсэн бөгөөд холбоотнуудын нэгэн адил энхийн гэрээнд гарын үсэг зурсан нь Бүгд Найрамдах Хятад Улс байсан аж.
“Бүгд Найрамдах Хятад Улсын Японы эсрэг хийэ байсан дайны үед Бүгд Найрамдах Хятад Ард Улс оршин тогтноогүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын коммунист дэглэм үнэн түүхийг гуйвуулж, дайныг Коммунист нам удирдаж ялсан мэтээр ухуулж байна” гэж Тайванийн Хятадын бодлогын дээд албан тушаалтан Чиү Чүй-чэн наймдугаар сарын 15-нд, Японы бууж өгсөн өдрөөр мэдэгджээ.
Чиүгийн тэргүүлдэг “Эх газрын асуудал хариуцсан зөвлөл” энэ сарын эхээр мэдэгдэхдээ коммунистууд тухайн үед “70% нь өөрсдийгөө бэхжүүлэх, 20% нь бүгд найрамдах засгийн газартай тэмцэх, ердөө 10% нь Японыг эсэргүүцэхэд чиглэж байсан” хэмээн хэлсэн. Энэ бол Маогийн стратегийг шүүмжилж байсан дайны үеийн хуучин буруутгал бөгөөд Коммунист нам үүнийг үгүйсгэдэг.
Тайванийн зохион байгуулсан ой тэмдэглэлт үйл ажиллагаанууд харьцангуй даруухан өнгөрдөг бөгөөд коммунистуудын үүргийг дурдахдаа голдуу шүүмжлэлтэй ханддаг.
Өнгөрсөн пүрэв гарагийн орой Батлан хамгаалах яамны тоглолтод Дэлхийн II дайны үеийн бүгд найрамдах цэргүүдийн дүрээр хувцасласан уран бүтээлчид, мөн АНУ-ын сайн дурын нисгэгчдийн “Flying Tigers” ангийн дүрслэл, Тайванийн Nine One One хип хоп хамтлагийн дуулсан рэп тоглолт багтжээ.
“Түүхийн бодит гэрчлэлээр Японы эсрэг дайныг Бүгд Найрамдах Хятад Улс удирдаж, ялалтад хүргэсэн” гэж Батлан хамгаалах яамны тоглолтын хөтөлбөрт тэмдэглэсэн байна.
Харин Бээжин энэ бүхнийг түүхийн гуйвуулга гэж үзэн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.
Мягмар гарагт Коммунист намын албан ёсны хэвлэл “Ард түмний өдөр тутмын сонин” цахим нийтлэлдээ “Хятадын Коммунист намын Японы эсрэг тулалдаанд улсын тулгуур багана байсан үнэн түүхийг гуйвуулах, мушгин гуйвуулахаас сэргэмжлэх хэрэгтэй” гэж бичжээ.
БНХАУ ялалтыг бүх хятадуудынх гэж үздэг бөгөөд үүнд Тайваньчууд ч орно гэж мэдэгдсэн. Мөн 1945 онд дайн дууссанаар Тайвань – 1895 оноос Японы колони байсан арал – “Хятадын захиргаанд буцан ирсэн” хэмээн тэмдэглэж буй.
Тайванийн тал үүнийг няцааж, тухайн үеийн ямар ч гэрээнд Тайванийг Коммунист намын удирдсан БНХАУ-д шилжүүлнэ гэж заагаагүй, учир нь тус улс зөвхөн 1949 оны сүүлээр байгуулагдсан гэдгийг сануулдаг.
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ наймдугаар сарын 15-нд өөрийн Facebook хуудсанд түрэмгийлэл эцэстээ ялагддаг тухай бичиж, Бээжингийн арлын эсрэг цэргийн сүрдүүлэгт чиглэсэн хатуу дохио өгчээ.
БНХАУ өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Улсын залгамж улс гэж үздэг бөгөөд Тайвань бол Бээжингийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж мэдэгддэг. Харин Тайпэй үүнийг эрс эсэргүүцдэг юм.
Тайванийн засгийн газар ард иргэддээ БНХАУ-ын нийслэлд Бээжин хотод болох цэргийн парадад очихгүй байхыг уриалж, ингэснээр БНХАУ-ын газар нутгийн шаардлага болон дайны түүхийн хувилбарыг дэмжиж буй мэт харагдах аюулаас сэрэмжлүүлэв.
Ахмад Пангийн хувьд, ирээдүйд болох Бээжингийн парад өөртэй нь огт хамаагүй. Тэрээр дайн дууссаны дараа эх газарт үлдсэн гэр бүлд нь харгис хандаж, өөрөө Тайвань руу дүрвэхээс өөр аргагүйд хүрснээ өгүүлсэн юм.











