



















Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын хамтарсан чуулганд илтгэл тавилаа. Илтгэлийг телевизээр шууд дамжуулсан юм. Тэрбээр ердөө зургаан долоо хоногийн өмнө албан тушаалдаа орсноос хойш АНУ-ын гадаад, дотоод бодлогын олон жилийн уламжлалыг өөрчилж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хязгаарыг сорьсон билээ.
Трампын илтгэлийн онцлох зүйлс
ЯГААН ӨНГӨӨР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Трампын илтгэлийн өмнө Ардчилсан намын гишүүн "Төлөөлөгчдийн танхимын дарга асан" Нэнси Пелоси намын гишүүддээ “Энэ удаа үйл явдлын гол анхааралд орохгүй байх” талаар зөвлөгөө өгсөн. Гэвч түүний хүссэнээр болсонгүй.
Трамп үгээ эхлэсний дараахан Техасын Ардчилсан төлөөлөгч Ал Грийн босож, "Ерөнхийлөгч ард түмнээс үнэмлэхүй мандат аваагүй" хэмээн хашхирлаа.
Харин Бүгд найрамдах намаас сонгогдсон Нэнси Мэйс түүнийг “Суугаад өг, новш минь!” хэмээн хашхирч, Грийн суулгүй үргэлжлүүлэн эсэргүүцлээ илэрхийллээ.
Энэ үймээн үргэлжилсээр байсан тул Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон танхимын сахилга батыг сахиулах үүрэгтэй албан хаагчид Грийнийг танхимаас гаргахыг үүрэгдсэн байна.
Үүнээс гадна Ардчилсан намын эмэгтэй хууль тогтоогчид Трампын эсрэг эсэргүүцлээ илэрхийлэх нэгэн чимээгүй боловч нэгдмэл арга олжээ: Бүгд ягаан өнгийн хувцас өмссөн байв.
Үүний өмнө 2019 онд Трампын “Үндэстний төлөв байдлын илтгэл”-ийн үеэр Ардчилсан эмэгтэй гишүүд цагаан хувцас өмсөж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхтэй болсны 100 жилийн ойг тэмдэглэхийн сацуу Трампын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан билээ.
ӨНДӨГНИЙ ҮНЭ ТЭРГҮҮЛЭХ СЭДЭВ БОЛОВ
Трампыг Ерөнхийлөгч болох гол шалтгаануудын нэг нь инфляци, амьжиргааны өртөгтэй холбоотой асуудлууд байсан. Гэвч мягмар гарагт тэрбээр энэ сэдвийг бараг хөндсөнгүй. Гэсэн хэдий ч тэр үг хэлэхдээ инфляцийн өсөлтийн бурууг Жо Байдены засаг захиргаанд тохож, “Жо Байден ялангуяа өндөгний үнийг хяналтаас алдуулсан” гэж мэдэгдэв. Өндөгний үнэ үнэхээр түүхэнд байгаагүй өндөр байгаа боловч гол шалтгаан нь шувууны ханиадны тархалт олон сая тахиаг устгахад хүргэсэнтэй холбоотой юм.
Трамп мөн хөдөө аж ахуйн шинэ сайд Брук Роллинст хандаж, “Сайдаа, энэ асуудлыг сайн зохицуулна шүү” гэж хэлсэн нь ажиглагчдын анхаарлыг татлаа. Үүнээс гадна тэрбээр инфляцийг бууруулах тодорхой төлөвлөгөө санал болгоогүй бөгөөд зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, засгийн газрын “Луйвар, үргүй зардлыг” танах тухай ерөнхий зүйлс дурдсан.
Мөн Трамп энэ ажлыг удирдуулах үүргийг Илон Маскт өгч буйгаа зарласанд танхимд байсан хүмүүс алга ташин баяр хүргэсэн юм. Тэрбээр Маскийг “Нэгэн зуун тэрбум ам.долларын залиланг илрүүлсэн” гэж магтсан нь түүний засаг захиргааны өмнө нь мэдэгдэж байснаас хол давсан тоо байлаа.
Трамп мөн соёлын халуун сэдвүүдийг хөндөн үг хэлж, Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг хүлээв.
Үүнд:
Мексикийн буланг өөр нэрээр нэрлэх
Аляскийн нэгэн уулын нэрийг өөрчлөх
Англи хэлийг АНУ-ын албан ёсны хэл болгох
Засгийн газрын олон янз байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг цуцлах
Трансжендер охид, эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглох зэрэг байв.
Эдгээр шийдвэрийг Трамп зөвхөн гарын үсэг зурснаар хэрэгжүүлсэн бол өндөгний үнэ зэрэг эдийн засгийн асуудлууд тийм ч амар биш байлаа.
ОДОО ХҮРТЭЛ ИТГҮҮЛЭН ТАЙВШРУУЛЖ ЧАДААГҮЙ БАЙНА
Трамп илтгэлээ улс орныг “Өндөрлөгт гаргаж буйгаа” онцолж эхэлсэн. Тэрбээр сонгогчдын хандлага өөрчлөгдөж буйг нотлох гэсэн ч бодит байдал өөр байж магадгүй. “Орчин цагийн түүхэнд анх удаа Америкчуудын олонх нь улс орон зөв замдаа орсон гэж үзэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай өөрчлөлт бөгөөд 27 хувийн өсөлт ажиглагдсан” гэж тэр хэлсэн. Гэвч Трамп өөрийн онцолсон судалгааг дурдалгүй өнгөрсөн ба Reuters/Ipsos-ийн судалгаагаар түүний хэлсэнтэй зөрчилдөх дүн гарчээ. Судалгааны үр дүнд Америкчуудын 49% нь улс буруу замаар явж байна гэж үзэж байгаа бол зөв замд орсон гэж үзсэн нь ердөө 34% байлаа.
Доналд Трамп Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулсан нь инфляцийг намжаахад тус болоогүй гэж судалгаанд оролцогчид үзжээ. Тиймээс амьжиргааны өртөгтэй холбоотой асуудлаар Америкчуудын гуравны нэг нь л түүний бодлогыг дэмжиж байгаа аж. Олон улсын худалдааны талаар түүний авч буй арга хэмжээг 36% нь л сайшааж байна.
Нийт үнэлгээг авч үзвэл Трампын эрх барих хугацааны рейтинг 44% байгаа нь Байдены засаглалын хоёр дахь хагаст гаргасан дээд үзүүлэлтээс үл ялиг өндөр байна.
Трамп илтгэлийнхээ төгсгөлд Жо Байденыг "АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч" гэж хэлсэн. Гэвч статистик үзүүлэлтүүдийг харахад Трамп өөрөө тийм ч өндөр үнэлгээтэй яваа гэдэг нь эргэлзээтэй байна.











