




















2026 оны 1 дүгээр сарын 3-ны Бямба гарагт Флорида мужийн Палм-Бич хот дахь Мар-а-Лаго клубт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлж байна. Түүний ард Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар бараа болж буй нь.
АНУ Венесуэл улсад “зөв зохистой шилжилт” хийгдэх хүртэл тус улсыг өөрөө удирдана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, “Венесуэл улсад явган цэрэг байрлуулах”-аас айхгүй байгаагаа илэрхийлж, Бямба гарагт болсон цэргийн цохилтоо хамгаалав.
Тус ажиллагааны үр дүнд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр баривчлагдсан юм.
“Бид одоо тэнд байна. Зөв шилжилт хийгдэх хүртэл бид тэнд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, бид Венесуэл улсыг үндсэндээ зөв зохистой шилжилт хийгдэх хүртэл удирдана,” хэмээн Дональд Трамп Флоридад сэтгүүлчдэд ярьсан байна.
Трампын энэ мэдэгдэл нь Каракас хотод дэлбэрэлт болсон тухай мэдээ гарч эхэлснээс хэдхэн цагийн дотор өрнөсөн маш драматик (гэнэтийн үйл явдал) үйл явдлын оргил байлаа. Дэлбэрэлтийн цар хүрээ Ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг баривчилсан гэж Трамп мэдэгдэх хүртэл бүрэн тодорхой болоогүй байсан юм.
Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын USS Iwo Jima байлдааны хөлгөөр Нью-Йорк руу авчирч, шүүхэд шилжүүлэх гэж байгааг Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Пам Бонди мэдэгдсэн.
АНУ “Удирдлагыг гартаа авсан” гэж мэдэгдэв
Дональд Трамп Венесуэлийг АНУ “удирдах” нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгдсэн юм. “Бид сайн хөршүүдтэй байхыг хүсэж байна. Бид тогтвортой байдалтай орчноор өөрсдийгөө хүрээлүүлэхийг хүсэж байна,” гэж тэр онцолсон.
Тэрээр Венесуэлийг удирдах багт Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар орно гэж хэлээд, АНУ-ын нефтийн компаниуд бүс нутагт нэвтрэх үед явган цэргээр хамгаалуулна гэж нэмж хэлэв.
“Бид явган цэрэг байршуулахаас айхгүй. Өчигдөр шөнө маш өндөр түвшинд цэрнүүдээ байршуулсан. Үүнийг нуух ч шаардлагагүй. Бид энэ улсыг зөв удирдах ёстой. Бид үүнийг буруу хийхгүй,” гэж Трамп онцлов.
Трампын нефтийн талаарх төлөвлөгөө
Ерөнхийлөгч хураан авсан нефтийн хөрөнгийг АНУ удирдах болно гэдгийг тодорхой хэлж, орлого нь Венесуэльд ч, АНУ-д ч орно гэж мэдэгдэв.
“Бид газрын гүнээс асар их баялаг гаргана. Тэр баялаг Венесуэлийн ард түмэнд, мөн өмнө нь Венесуэлд байсан гадаадад амьдарч буй хүмүүст очно. Мөн энэ нь АНУ-д Венесуэлээс бидэнд учруулсан хохирлын нөхөн төлбөр хэлбэрээр ирнэ,” гэж Трамп мөн мэдэгдсэн байна.
Венесуэл улсыг хэн удирдах вэ?
Трамп яг хэн, ямар бүтэц Венесуэлийг удирдах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч, Рубио одоогийн дэд ерөнхийлөгч Делси Родригестэй ярилцсан гэж мэдэгдэв.
“Бид тодорхой хүмүүсийг томилно. Тэд хэн болохыг бид удахгүй зарлана. Түр хугацаанд миний ард зогсож байгаа хүмүүс л энэ улсыг удирдана,” гэж Трамп хэлэв.
Тэрээр АНУ-ын нефтийн томоохон компаниуд Венесуэлийн нефтийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлнэ, шаардлагатай бол цэргийн хоёр дахь, бүр илүү том цохилт өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв.
“АНУ-ын хамгийн том, мөнө дэлхийн хамгийн том нефтийн компаниуд орж ирнэ. Тэд тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эвдэрч сүйдсэн нефтийн дэд бүтцийг сэргээнэ. Хэрэв хэрэгтэй бол бид хоёр дахь, илүү том дайралтыг хийхэд бэлэн байна,” гэж тэр хэлэв.
Уг ажиллагаа хэрхэн өрнөв
Трамп болон АНУ-ын бусад албан тушаалтнуудын хэлснээр уг ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүн байгаагүй гэлээ.
Хэвлэлийн хурлын өмнө Дональд Трамп Fox & Friends нэвтрүүлэгт оролцохдоо энэ “маш нарийн төвөгтэй” ажиллагааг өөрөө “телевизийн шоу үзэж байгаа юм шиг” харж байсан гэж ярьсан байна.
Сенатын олонхын бүлгийн удирдагч, Өмнөд Дакота мужийн сенатор Жон Тьюн энэ долоо хоногт Венесуэл дэх цохилт болон Ерөнхийлөгч Мадурог баривчилсан асуудлаар тайлан мэдээлэл авна гэж мэдэгджээ.
Хууль зүйн маргаан
Трамп уг ажиллагааг хамгаалж, дараах байдлаар тайлбарлав.
“Бид энэ улсад хар тамхи оруулж ирэхийг зогсоох тал дээр маш сайн ажилласан. Үүнийг биднээс өмнө хэн ч хийж чадаагүй. Тэд ‘сайн ажиллалаа’ гэж хэлэх ёстой. Харин оронд нь ‘Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй’ гэх мэт, олон жил сонссон зүйлээ л ярьж байна,” гэж тэр хэлэв.
Харин Марко Рубио сэтгүүлчдэд хандан, энэ ажиллагаа нь Конгресст урьдчилан мэдэгдэх боломжтой төрөлд хамаарахгүй гэж тайлбарлав.
“Хэрэв урьдчилж мэдэгдсэн бол ажиллагаа бүхэлдээ аюулд орно,” гэж Марк Рубио хэлсэн юм.







