



















Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд хийж буй аллагаа зогсоох хугацааг 10-12 хоног болгон наашлуулж байгаагаа зарлав. Энэ нь тэрбээр хоёр долоо хоногийн өмнө өгсөн 50 хоногийн хугацаагаа богиносгон наашлуулж буй хэрэг юм.

ОХУ Украины хотуудыг бөмбөгдсөөр байгаа. Украины агаарын хүчин мэдээлэхдээ мягмар гарагийн шөнө ОХУ 300 гаруй дрон, дөрвөн далавчит пуужин, гурван баллистик пуужин харвасан гэж мэдээлсэн. АНУ-ын энхийн хэлэлцээрийн санал, түүн дундаа Доналд Трампын хүчин чармайлт одоогоор үр дүнд хүрээгүй байна.
Доналд Трамп энэ сарын 14-нд мэдэгдэхдээ, есдүгээр сарын эхээр энхийн хэлэлцээрт хүрэхгүй бол ОХУ-д “Хатуу татвар” ногдуулна гэж мэдэгдсэн. Харин Даваа гарагт тэрбээр өмнө өгсөн хугацаагаа 10-12 хоног болгон наашлуулж байгаа бөгөөд энэ нь наймдугаар сарын 7-9-ний хооронд ямар нэгэн ахиц дэвшил гарсан байх ёстой гэсэн үг юм.
“Хүлээх хэрэг байхгүй,” хэмээн Трамп хэлээд: “Бид ямар ч ахиц дэвшил харахгүй байна,” гэж нэмж хэлсэн.
Трампын төлөвлөгөөнд ОХУ-ын худалдааны түншүүдэд чиглэсэн хоёрдогч хориг арга хэмжээ болон нэмэлт татвар багтаж байгаа аж.
Шотландад Доналд Трамп Их Британийн Ерөнхий сайд Киир Стармертэй уулзах үеэр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ:
“Путин хэлэлцээр хийх ёстой. Маш олон хүн амь үрэгдэж байна,” хэмээжээ.
Тэрбээр мөн Украины дайныг зогсоох асуудлаар Владимир Путинтэй дахин яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн байна.











