




















Дональд Трамп Хятадын бараанд ногдуулсан татвараа 57%-иас 47% болгон бууруулна гэж мэдэгдэв.
Хятад улс ховор элементийн (rare earths) экспортыг үргэлжлүүлэн гаргах, АНУ-ын шар буурцгийн импортыг сэргээх, фентанилын хууль бус худалдааг хязгаарлах тохиролцоонд хүрчээ.
Уулзалтын өмнө хоёр тал хоёулаа хэлэлцээрийн бэлтгэл болгож худалдааны дарамт шахалтаа нэмэгдүүлсэн.
Уулзалт Өмнөд Солонгосын Пусан хотод болж, бараг хоёр цаг үргэлжилжээ.
Трампын хэлснээр, үүний хариуд Хятад улс АНУ-аас шар буурцаг худалдан авахаа сэргээж, ховор элементийн экспортоо үргэлжлүүлэх, мөн фентанил гэх мансууруулах бодисын хууль бус худалдааг дарах амлалт өгсөн байна.
Энэхүү уулзалт нь 2019 оноос хойш Трамп, Ши нарын анхны биечлэн уулзаж буй уулзалт бөгөөд Трампын Ази тив дэхь айлчлалын сүүлийн зогсоол байв. Тэрбээр өмнө нь Өмнөд Солонгос, Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудтай худалдааны “амжилттай” хэлэлцээр хийсэн гэж онцолсон юм.
“Энэ бол үнэхээр гайхалтай уулзалт байсан,” гэж Трамп Air Force One онгоцонд сэтгүүлчдэд хэлэхдээ дурдав. “Хятадын бараанд ногдуулсан тарифыг 57 хувиас 47 хувь болгон бууруулна.”
Трампын мэдэгдлийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээл хэлбэлзэлтэй болов. Азийн гол индексүүд болон Европын фьючерсүүд ашиг, алдагдлын хооронд савлаж байлаа.
Хятадын Shanghai Composite Index (.SSEC) 10 жилийн дээд үзүүлэлтээсээ буурсан бол АНУ-ын шар буурцгийн фьючерсийн үнэ суларчээ.
Энэхүү уулзалт APEC-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд, Өмнөд Солонгосын Пусан хотын Гимхэ олон улсын нисэх буудалд болсон.
АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Худалдааны сайд Ховард Лутник нар оролцсон бол Хятадын талаас удирдагчаа Гадаад хэргийн сайд Ван И нар дагалджээ.

Трамп, Ши нар уулзалтын дараа гар барилцаж, Трамп Ши-г тээврийн хэрэгсэлд нь хүргэж өгч, дараа нь АНУ-ын Ерөнхийлөгчид зориулсан улаан хивсний ёслолын үдэлт хийгдсэн байна.
АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн ням гарагт хоёр тал “суурь хэлэлцээрийн хүрээ”-гээ тохиролцсон гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд Хятад улс ховор элементийн экспортоо хязгаарлахыг хойшлуулах, АНУ 100%-ийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө түдгэлзүүлэхээр болсон юм.
Гэвч эдийн засаг, геополитикийн өрсөлдөөний хүрээнд аль аль улс хатуу байр сууриа хадгалж буй тул энэхүү худалдааны “Түр амралт” хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.











