



















Даваа гарагт буюу урд шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Украин болон ОХУ -ын хооронд дэгдсэн дайныг дуусгахын тулд харилцан газар нутгийн хэсгээ өгөлцөх шаардлагатай. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх яриа хэлэлцээ нь цаашдын боломжит хэлэлцээрийн талаар 'байдлыг тандах' зорилготой" байх болно гэлээ.
Доналд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр, ирэх баасан гарагт АНУ-ын Аляскад болох Путинтэй хийх уулзалт нь “тандах” уулзалт байх бөгөөд Путин хэлэлцээр хийхэд бэлэн эсэхийг тодруулах зорилготой гэж хэлэв. Мөн тэрбээр ахиц гарч болох эсэхийг хоёрхон минутын дотор мэдэх боломжтой гэсэн байна.

“Би Владимир Путинтэй уулзахаар орж явахдаа ‘Чи энэ дайныг дуусгах ёстой. Чи үүнийг зогсоох ёстой’ гэж хэлэх болно” хэмээн Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Трампын хэлснээр ирээдүйн уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ч оролцож магадгүй бөгөөд энэ нь өөрийг нь, Путиныг болон Зеленскийг хамруулсан гурван талт уулзалт болох боломжтой аж. Путинтэй уулзсаны дараа тэрбээр Европын удирдагчидтай шууд ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд түүний зорилго нь цус урсгасан мөргөлдөөнийг яаралтай зогсоох ажээ.
Трамп өмнө нь газар солилцох талаар ярьж байсан ч ОХУ ч, Украин ч энхийн хэлэлцээрийн хүрээнд газар нутгийнхаа хэсгийг өгөлцөх сонирхол илэрхийлээгүй байдаг. Европын орнууд ОХУ-д томоохон буулт хийх нь ирээдүйд Барууны аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй хэмээн болгоомжилж байна.
Украин нь 2022 оны 2-р сард буюу Дэлхийн II дайнаас хойших Европ дахь хамгийн том, хамгийн олон хүний амь үрэгдсэн дайны эхний өдрөөс хойш Оросын түрэмгийлэгчдийг ухраахыг зорьж ирсэн. Харин ОХУ энэ дайныг Украины барууны чиг баримжаа руу хэлбийснээс үүдэлтэй аюул гэж үзэж зөвтгөдөг бол Киев болон барууны холбоотнууд нь үүнийг эзлэн түрэмгийлэх шинжтэй газар нутгийг нь булаан авах гэсэн дайн гэж тодорхойлдог.
Одоогоор ОХУ Украины нутаг дэвсгэрийн ойролцоогоор тавны нэгийг эзэлж байгаа бол Украин Оросын ямар ч газар нутгийг эзэмшдэггүй.
Трамп:
“Энд бага зэрэг газар солилцох асуудал яригдах байх.”
Мөн тэрбээр:
“Оросын тал болон бусад хүмүүстэй хийсэн яриа хэлэлцээнээс дүгнэвэл энэ яриа хэлэлцээр нь Украины сайн сайхны төлөө” байх болно гэсэн байна. Түүний хэлснээр ОХУ “Маш үнэ цэнтэй газар нутгийг” эзэлж байгаа ч “бид тэр газар нутгийн заримыг буцаан авахыг хичээх болно” гэжээ.











