



















АНУ-ын зуучлалаар хэрэгжиж буй Израиль ба Хамасын гал зогсоох гэрээний эхний алхамууд хэрэгжиж эхэлж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израильд айлчилж, Кнессетэд (Израилийн парламент) үг хэллээ.
Израилийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны 10-р сарын 7-нд Хамасын барьцаанд орж, амьд үлдсэн 20 барьцаалагдагчийг Израиль руу буцаан авчирсан байна.

Израиль хоёр жилийн турш Хамасын эсрэг хатуу дайныг явуулсан. Газын зурваст зарим палестинчууд гэр орон руугаа буцаж, дайны хор хөнөөлийг ухамсарлан хүлээн авч эхэллээ.
Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяху Кнессетэд хэлсэн үгэндээ “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү Израильд тусалсан Ерөнхийлөгч байхгүй” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампыг магтжээ.
Тэрбээр Трамп руу хандан:
“Та энэ энхтайвны төлөө тууштай байна, би ч энэ энхтайвны төлөө тууштай байна... Бид хамтдаа энхтайвныг олж чадна” гэж хэлсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяху энэ даваа гараг буюу өнөөдбр Египетийн Шарм Эль-Шейх хотод болох олон улсын энхийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж Ерөнхий сайдын Тамгын газар мэдэгджээ.
Трампын урилгыг хүлээн авсандаа талархлаа илэрхийлсэн ч “Иудейн шашны баяр ойртож буй тул оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Энэ долоо хоногийн даваа гарагийн оройноос лхагва гарагийн орой хүртэл Шмини Ацерет болон Симхат Торагийн баяр тохиож байгаа юм.
Ерөнхий сайдын Тамгын газар:
“Нетаньяху Ерөнхийлөгч Трампын энхтайвныг хүчээр хамгаалан өргөжүүлэх хүчин чармайлтад талархаж байна” гэж нэмжээ.
Египетийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр уг уулзалтыг Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтран даргалах ба 20 гаруй орны удирдагчид оролцоно. Энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь “Газын зурвасдахь дайныг дуусгах, энхтайван ба тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн шинэ аюулгүй байдлын эрин үеийг эхлүүлэх” аж.
Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн парламентын танхимд орж ирэхэд төлөөлөгчид босож алга ташин угтжээ.
Кнессетэд үг хэлэхийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп, Ерөнхий сайд Беняамин Нетаньяху нар барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзсан байна.
Израилийн шоронгоос суллагдсан палестин хоригдлуудыг Рамаллах хотод маш олон хүн баяр хөөртэйгөөр угтан авлаа.

Трамп Кнессетэд хэлэх үгэндээ дараах зүйлийг онцолно гэж Цагаан ордноос мэдээлжээ:
“Израиль зэвсгийн хүчээр олж болох бүхий л ялалтыг байгуулсан. Одоо энэ ялалтуудаа дайнтай бус, энх тайвантай ирээдүйд хувиргах цаг ирлээ.”
Тэрбээр мөн хэлэхдээ:
“Газар нутгийн ард иргэдийн гол зорилго нь тогтвортой байдал, аюулгүй байдал, нэр төр, эдийн засгийн сэргэлтэд төвлөрөх ёстой. Тэгвэл тэд хүүхдүүддээ илүү сайн амьдралыг бий болгож чадна.”
Хамасын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд “Израилийн түрэмгийлэл дахин сэргэхгүй байхад бүх зуучлагч болон олон улсын байгууллагууд анхаарал хандуулах ёстой” гэж онцолсон байна.
Израилийн Батлан хамгаалах хүчний мэдээлснээр, зарим барьцаалагдсан хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар болон эмчилгээгээ үргэлжлүүлэх зорилгоор эмнэлэг рүү хүргэгдэж байгаа аж.
Израилийн албаныхны мэдээлснээр, сүүлчийн 13 хүн хил давж, Израильд ирэн, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар явж байна.
Израилийн Ерөнхий сайдын Тамгын газраас сүүлчийн 13 барьцаалагдагчийн нэрийг дараах байдлаар зарлажээ:
Дэвид ба Ариел Кунио, Авинан Ор, Элкана Бухбот, Ром Бреславский, Дэвид Авитар, Эйтан Хорн, Максим Харкин, Нимрод Коэн, Сегев Калфон, Матан Ценгаукер, Йосеф-Хаим Охана, Бар Куперстейн.
Хамасын гараас суллагдсан долоон израиль хүний нэг Омри Мирангийн гэр бүл мэдэгдэл гаргажээ:
“700 гаруй урт, зовлон дүүрэн хоногийн дараа Омри охин Рони, хүү Алма хоёрын халуун тэврэлтэнд байна. Израилийн ард түмэн бидний хамгийн хүнд хэцүү мөчүүдэд хамт байсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ мөч бол ганцхан бидний ялалт биш — харин бүхэл бүтэн ард түмний ялалт юм.”











