



















Улс төрийн намууд албан тушаалын тохироондоо орцгоож эхнээсээ албажиж буй. Н.Оюундарийг Монгол Улсаас БНПУ-д суух элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт эцэслэнэ. Н.Оюундариар ч тогтохгүй дипломат албанд өргөн хүрээний сэлгээ оруулахаар зэхэж буй.
Оны өмнөхөн өөрийнхөө гадаад хэлний мэдлэг тааруу, жирийн нэгэн уурхайчин, дипломат албанд гологдоно гэж ярьж явсан Эрдэнэт үйлдвэрийн захирал Г. Ёндон Герман улс руу элчин сайдаар явах хүслээ халааслаад Ерөнхийлөгчийн үүд хавиар эргэлдэж байгаа сурагтай. Харин түүний өргөдлийг хэдэнтээ буцаажээ. Энэ мэт дипломат албанд харш улс төрийн томилгоонууд УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгээр үргэлжилж магадгүй байна. УБТЗ-ын авлигыг зогсоож, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болгох даалгавар авч даргаар нь очсон Х.Хэрлэнг мөн элчин сайдаар томилж магадгүй гэх яриа бий.
Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй, авсан ч өвдөг шороодсон, намдаа хандив өгч, намын листний гадна үлдсэн гомдогсод төрийн ордноор дарга, сайд нарын хаалга ээрч элчин сайдаар явахаар нэрсээ зүтгүүлж буй. МАН-ын гишүүн Д.Сарангэрэл, АН-ын гишүүн Ш.Жандос нар Туркийн элчин сайдад ана мана үзэлцэж буй гэх. Энэ мэтээр элчин сайдаар явах хүсэлтэй хүмүүсийг жагсаавал АН-аас Ц.Буяндэлгэр, Ц.Одонтунгалаг, Д.Эрдэнэбат гэх хүмүүсийн нэр тэргүүн эгнээнд дуулдаж буй бол МАН-аас Ц.Цэрэнпунцаг, П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар Элчин сайд болох туйлын хүсэлтэй төрийн ордноор эргэлдэцгээж байна.











