



















Тэрбумтан Илон Маск өөрийн шинэ улс төрийн нам байгуулах төлөвлөгөөг түр хойшлуулж, компаниуддаа илүү төвлөрөхийг хүсч буйгаа ойрын хүрээллийнхэндээ хэлсэн гэж Wall Street Journal мягмар гарагт нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээллээ.
Маск өөрөө энэ мэдээллийн талаар тодруулга хийхээс зайлсхийж, зөвхөн “WSJ хэлж байгаа зүйлсийг үнэн гэж хэзээ ч итгэж болохгүй” хэмээн X (хуучнаар Twitter)-д бичжээ.

Тэрбумтан Маск өнгөрсөн долдугаар сард татвар ба зардлын тухай хуулийн асуудлаар Ерөнхийлөгч Доналд Трамптай олон нийтэд ил болсон маргаан хийсний дараа “America Party” нэртэй улс төрийн шинэ нам байгуулахаа зарлаж байсан юм.
WSJ-ийн мэдээлснээр, Маск сүүлийн үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнстэй харилцаагаа хадгалах тал дээр төвлөрч байгаа бөгөөд улс төрийн нам байгуулах нь Вэнстэй харилцах харилцаанд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Мөн Маск, түүний ойрын хүмүүс болон Вэнстэй ойр байгаа хүмүүст, хэрэв Вэнс 2028 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл өөрийн хөрөнгийн нэг хэсгийг түүнийг дэмжихэд ашиглаж болохоо дурдсан аж.
"Tesla", "SpaceX"-ийн Гүйцэтгэх захирал Маск 2024 онд Трамп болон Бүгд Найрамдах намынхныг сонгуульд дэмжихийн тулд ойролцоогоор 300 сая ам.доллар зарцуулж, Трампын бүрэн эрхийн эхний хэдэн долоо хоногт шинээр байгуулсан DOGE хэмээх “Үр ашигтай ажиллагааны яам”-ны үед маш их нөлөө үзүүлсэн.
Ройтерс энэ мэдээллийг шууд биечлэн баталгаажуулах боломжгүй байсан бөгөөд Tesla, Цагаан ордон хоёр ч ажлын бус цагаар тайлбар өгөөгүй байна.
Ж.Д.Вэнс энэ сарын эхээр Масктай Трампын маргааныхаа дараа эвлэрэх санал дэвшүүлж, түүнийг дахин Бүгд Найрамдах намын талд эргэн орох талаар яриа өрнүүлснээ нотолжээ.
Tesla-ийн хувьцаа энэ жил 18%-иас дээш унаад байна. Тус компани өнгөрсөн долдугаар сард сүүлийн арав гаруй жилийн хамгийн муу улирлын борлуулалтыг мэдээлж, Уолл Стритийн зорилтот ашигт хүрч чадаагүй боловч ашигт ажиллагааны түвшин нь айдас төрүүлсэн хэмжээнээс дээр гарсан юм.
Маск мөн Трампын засаг захиргаа цахилгаан автомашинд үзүүлж байсан дэмжлэгээ зогсоосноос үүдэн “Цаашид хэдэн улирал таагүй байх болно” гэж анхааруулжээ.
Хөрөнгө оруулагчид Маск улс төрийн намын санаачилгаараа Трамптай сөргөлдсөний дараа Tesla-д хангалттай цаг, анхаарал хандуулж чадах эсэхэд санаа зовниж байна.











