



















Элон Маскын удирддаг Засгийн газрын Үр ашгийн Хэлтэс (DOGE) нь АНУ-ын Сангийн яамны төлбөрийн системд нэвтэрч, олон сая Америкчуудын хувийн болон санхүүгийн мэдээлэлд хандах эрхтэй болсон нь маргаан дагуулж эхлээд байна. Уг үйлдэл нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй 19 ерөнхий прокурорын эсэргүүцэлтэй тулгарч, тэд Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг шүүхэд өгчээ. Шүүхийн шийдвэрээр DOGE-ийн багийнхан эдгээр мэдээлэлд нэвтрэхийг түр хугацаагаар хориглож, хэрэв нэвтэрсэн тохиолдолд татаж авсан бүх мэдээллийг устгахыг үүрэг болгожээ.
“DOGE” нь засгийн газрын зардлыг бууруулах зорилготой байгуулагдсан ч, тус улсын Сангийн Яамны мэдээлэлд хандах эрх нь хувийн нууцлал болон аюулгүй байдлын хувьд санаа зовоохоор асуудлыг үүсгээд байгаа аж. Шүүмжлэгчид Элон Маскын багийг хууль бусаар хувийн мэдээлэлд нэвтэрсэн гэж буруутгаж байгаа бол, дэмжигчид нь засгийн газрын илүүдэл зардлыг хянах хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн холбооны улсуудын Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлүүд Сангийн яам болон бусад агентлагуудыг DOGE-д хууль бусаар мэдээлэл өгсөн гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэдний үзэж байгаагаар, энэ үйлдэл нь 1974 оны “Хувийн нууцын тухай” хуулийг зөрчиж, олон сая Америкчуудын хувийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа юм
Эдгээр шүүхийн заргууд нь Элон Маскын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох оролцоо, хувийн мэдээллийн нууцлал, үндэсний аюулгүй байдлын талаар гэх мэт өргөн хүрээний маргаанд татан оролцуулах суурь нөхцлийг үүсгээд байна.
Тухайлбал:
Засгийн газрын үр ашиг VS Хувийн нууцлал
DOGE нь төрийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой гэж буй боловч, хувийн мэдээлэлд хандах эрхтэй байгаа нь ноцтой асуудал үүсгэж байна. Олон сая иргэний санхүүгийн болон хувийн мэдээлэлд Элон Маскийн баг нэвтэрч чадна гэдэг нь үндсэн хуулийн нууцлалын эрхийг зөрчиж болзошгүй юм.
Эрх мэдлийн төвлөрөл ба Элон Маскийн оролцоо
Элон Маск төрийн болон хувийн салбарт ихээхэн нөлөөтэй нэгэн. Түүний удирдаж буй байгууллага төрийн чухал мэдээлэлд хандаж байгаа нь эрх мэдлийн төвлөрөл, бизнес-улстөрийн нөлөөллийн талаар санаа зовох үндсэн шалтгаан болж байгаа юм.
Хууль эрх зүйн эрсдэл ба Үндсэн хуулийн маргаан
АНУ-ын хууль ёсны байгууллагууд, ялангуяа шүүх эрх мэдэлтэй байгууллагууд DOGE-ийн үйл ажиллагааг Үндсэн хууль болон Хувийн нууцын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж байна. Шүүхийн хориг нь Элон Маскын багийн ажиллагаанд эргэлзээ төрүүлж, төрийн мэдээлэлд хэрхэн хандах асуудлыг хууль ёсны хүрээнд авч үзэх шаардлагатайг харуулж байгаа юм.
Улс төрийн тэмцэл
DOGE-ийн асуудал Ардчилсан намын гишүүнчлэлтэй 19 прокурор болон Элон Маскын талынхны хооронд улс төрийн зөрчилдөөн үүсгэж байна. Ардчилсан намынхан хувийн нууцлалыг хамгаалах, төрийн мэдээллийг бизнес эрхлэгчдээс ангид байлгахыг эрмэлзэж байгаа бол Элон Маскын талынхан засгийн газрын зардлыг хянах, үр ашигтай болгохыг дэмжиж байна.
Уг маргаан нь АНУ-ын төрийн мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, бизнесийн салбарын оролцоо гэсэн гурван том асуудлыг хөндөж байгаа. Хэрэв Элон Маскын багийнхан төрийн мэдээлэлд хандах эрхтэй болвол энэ нь ирээдүйд бусад компаниуд төрийн чухал мэдээллийг хянах боломжийг нээж болзошгүй. Харин хориг хэвээр үлдвэл DOGE-ийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд томоохон хязгаарлалт ирэх магадлалтай байна.
Эцсийн шийдвэр Маскын засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхөөс гадна АНУ-ын төр, бизнесийн салбарын уялдаа холбооны ирээдүйг тодорхойлох чухал алхам болно.











