



















Оны өмнөхөн гүйцэтгэх засаглалын тэргүүн яаран гарч 1072 хувьцааны ногдол ашиг тараах тухай мэдэгдэл хийсэн нь үнэндээ өнгөрөгч бямба гарагт /2025.01.11/ болсон ‘’Засгийн газар огцор’’ жагсаалыг намжаах зорилготой байжээ. Угаас Ерөнхий сайдыг мэдэгдэл хийж байх тухайн үед утаанд хордож, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон иргэд Засгийн газар руу чичлэж байсан нь гал дээр тос нэмэх гэмтэй байсан нь үнэн.
“Эрдэнэс Тавантолгой” компани оны эцсийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 мянган төгрөг ногдохоор байгааг хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргав. Ингээд эхний 122 мянган төгрөгийг тэр өдрөө, дараагийн 200 мянга гаруй төгрөгийг нэг, хоёрдугаар сард тус бүр олгоно гэж Ерөнхий сайд өөрөө ам гарсан.
Гэхдээ молиго байж. Он гармагц ногдол ашгийн хоёр дахь олголтоо авах гэсэн иргэд мөнгө нь хэзээ орох эсэхийг нийгмийн сүлжээгээр сураглаж, бүр зарим нь цөхөрсөн байдалтай байв. Ерөнхий сайдын үгэнд хууртсан иргэд молигодуулсанаа саявтар мэдэв бололтой. ЭТТ ХК-ийн зүгээс ногдол ашиг хэзээ олгох эсэх нь тодорхойгүй гэх мэдээлэл өгөв. Учир нь 1072 ширхэг хувьцааны 2024 оны ногдол ашгийн үлдэгдлийг ирэх хоёрдугаар сард компанийн санхүүгийн тайлан гарч, ТУЗ хуралдан шийдвэр гаргасны дараа олгох боломжтой. Өөрөөр хэлбэл ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаж байж шийдвэр гаргах ёстой ч Ерөнхий сайд тэдний өмнүүр орж, жагсаалын өмнө мөнгө тараав. Тэгэхээр Ерөнхий сайд компанийн тухай хууль зөрчиж, 1072 хувьцааны ногдол ашгийн эхний хэсгийг олгосон гэсэн үг. Компанийн тухай хуулийн 47.1-д зааснаар компани ногдол ашиг хуваарилсаны дараа төлбөрийн чадвартай байх, эзний өмчийн хувьд тавигдах шаардлага бий. Эдгээр шаардлагуудыг хангаж компанийн ТУЗ санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор шийдвэр гаргана гэж заасан.
Хуулиас,
47 дугаар зүйл.Ногдол ашиг хуваарилах нөхцөл
47.1.Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
47.1.1.ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
47.1.2.ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;
47.1.3.компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.
47.2.Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.
47.3.Компани нь дараах нөхцөлд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
47.3.1.ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
47.3.2.компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх.
47.4.Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгчид өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
Хууль гишгэлж шийдвэр гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гал намжаахаар олгосон 1072 хувьцааны эхний хэсгээ олгоод таг алга болов. Тэгэхээр ЭТТ ХК-д хувьцаатай иргэд компанийн ТУЗ хуралдаж шийдвэр гаргахаас нааш ногдол ашгийн үлдэгдлээ авахгүй гэж ойлгох хэрэгтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072ш хувьцаатай 2,5 сая иргэнд 87 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072ширхэг хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байсан юм.
2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон байдаг.











