



















Агаарын бохирдол их байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нар, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг дуудаж уулзлаа. Уулзалтаар юу яригдсан тухай Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Мөн Ерөнхийлөгчийн хувьд "Бүтэн утаагүй болгож чаддаггүй юм аа гэхэд 2020, 2021 оны хэмжээнд хүргэж яагаад болдоггүй юм бэ, их хөрөнгө зарж, утааны асуудал хариуцсан олон яам тамгын газартай болчхоод энэ асуудлаа шийдэж чаддаггүй нь та бүхэн ажлаа хийхгүй байгаатай холбоотой шүү гэдгийг сануулжээ. Тиймээс буух эзэн буцах хаягтай болгож, ажилдаа ор гэж анхааруулсан байна. Та бүхэнд хяналт тавьдаг, уялдааг хангах газаргүй болсон байна. Засгийн газрыг тодорхой үр дүн гаргаж ажлаа эрчимжүүл, хариуцлагатай ажилла, ажлынхаа уялдаа холбоог сайжруул гэдэг" чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ярихдаа "Ерөнхийлөгчийн хувьд утааны асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өглөө. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байх үед агаарын бохирдол хоёр дахин буурч байсан түүхтэй. Тэрээр тухайн үед утаатай тэмцэхэд хүн бүр анхаарч байсныг дурдаад түүхий нүүрс хот руу оруулахыг хориглосон, цахилгаан станц, уурын зуухнуудын шүүлтүүрийг сольж, хяналт сайн тавьж байсныг ярьж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох албаны хүмүүст ажлаа сайжруулж, байгууллага хоорондын уялдаа холбоогоо сайжруулах үүрэг чиглэл өгч байна. Цаашлаад гал түлэхгүй болох, инженерийн байгууламж барьж байгуулахад анхаар гэсэн. Ерөнхийлөгч яагаад ажлын уялдаа алдагдаж, утаа ихсэв, яагаад МХЕГ-ыг татан буулгав, яагаад Агаар орчны бохирдлын үндэсний хороог татан буулгав гэдэг асуудлыг хөндөж ярилаа. Урьд нь хийсэн сайн туршлага байгаад байхад урдахаасаа илүү дордоод байгаа нь та бүхний ажилтай холбоотойг анхаарууллаа" гэсэн юм.











