



















Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч асан С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Өнөөдрийг хүртэл энэ аллагыг захиалсан хүмүүс нь тодорхой болоогүй байгаа. Тухайн хэргийг гүйцэтгэсэн гэх 3 хүнийг сэжиглэн баривчилж шүүхээр ял оноосон боловч, хэрэг илрүүлэх явцдаа процедурын алдаа гарган, эрүүдэн шүүсэн нь илэрч уг хэрэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдалд орсон байдаг. Үүнтэй нэн төстэй хэргийн учгийг АНУ-д тайлах гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч асан Жон Фецжеральд Кеннеди, Шүүх Яамны сайд асан Роберт Кеннеди болон хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч “Би мөрөөдөж байна” илтгэлээрээ дэлхий даяар алдаршсан Мартин Лютер Кингийн аллагатай холбоотой баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ны өдөр гаргах тушаалыг баталснаар 2025 оны хоёрдугаар сарын 05-нд түмэн олонд нээлттэй болохоор боллоо.
Энэхүү тушаал гарснаар АНУ-д 60-аад онд гарсан 3 учир битүүлэг аллагын баримт тус улсын ард иргэдэд нээлттэй болох юм.
Эргэн сануулахад АНУ-ын Ерөнхийлөгчөөр хамгийн залуудаа буюу 43 насандаа сонгогдсан Жон Фезжеральд Кеннеди 46 насандаа АНУ-ын Даллас хотноо бүхээггүй машинаар явж байхдаа буудуулж алуулсан бол түүний дүү Шүүх Яамны сайд асан Роберт Кеннеди олон нийтийн дунд явахдаа мөн буудуулж амиа алдсан байдаг. Харин Марти Лютер Кинг тагтан дээр зогсож байхдаа буудуулан амиа алдсан түүхтэй.
Магадгүй эдгээр баримтууд ил болсноор тус улсад төдийгүй дэлхий дахинд бас нэг шуугиан тарихыг үгүйсгэх аргагүй юм.
Жон Фезжеральд Кеннеди
Мартин Лютер Кинг
Роберт Кеннеди Жр











