



















Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа Европын Холбооны “Дижитал үйлчилгээний тухай хууль” (DSA)-ийн эсрэг кампанит ажил өрнүүлэх зорилгоор Европ дахь АНУ-ын дипломатуудад лоббидох үүрэг өгсөн байна. Ройтерс агентлаг уг үүрэг бүхий Дотоодын дипломат захидлын хуулбарыг олж авсан ажээ.

2025 оны 8-р сарын 4-нд Төрийн департаментын гаргасан уг дипломат захидалд, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гарын үсэг зурсан бөгөөд Европын Холбоо “үзэн ядсан үг хэллэг”, худал мэдээлэл, төөрөгдүүлсэн мэдээллийн эсрэг тэмцэх нэрийн дор үг хэлэх эрх чөлөөнд “шийдэмгий бус хязгаарлалт” тогтоох гэж байгаа тухай дурджээ. Түүнчлэн DSA нь энэ хязгаарлалтыг улам гүнзгийрүүлэх магадлалтай гэж үзэж байна.
Европын Холбооны DSA (Дижитал үйлчилгээний тухай хууль) нь онлайн орчныг аюулгүй, шударга болгох зорилготой бөгөөд үүний хүрээнд технологийн аварга компаниудыг хууль бус контент тухайлбал, үзэн ядсан үг, хүүхдийн эсрэг хүчирхийллийн материал гэх мэттэй илүү үр дүнтэй тэмцэхийг шаардаж байгаа юм.
Гэвч Трампын засаг захиргаа онлайн орчин дахь цензур, ялангуяа барууны үзэл бодолтой иргэдийн үг хэлэх эрхийг хааж боож байна хэмээн үзэж, үүнийг гол сэдвийнхээ нэг болгожээ. Дэд ерөнхийлөгч Жей Ди Ванс зэрэг өндөр албан тушаалтнууд Европын удирдагчдыг “Америкчуудын үг хэлэх эрх чөлөөг боомилж байна” гэж буруутгасан ч Европын Холбоо уг буруутгалуудыг эрс няцааж байна.
Уг дипломат захидлын толгойд “үйл ажиллагааны хүсэлт” хэмээн тодорхойлсон бөгөөд Европ дахь АНУ-ын элчин сайд, консулуудыг тухайн улсын засгийн газар болон дижитал үйлчилгээ хариуцсан албадтай тогтмол уулзаж, DSA болон үг хэлэх эрхийг хязгаарлаж буй бусад хууль тогтоомжийг цуцлах буюу өөрчлөх талаар АНУ-ын байр суурийг тайлбарлахыг үүрэг болгожээ.
“Элчин сайдын яам, консулын газар бүр тухайн орны засаг захиргаа болон бусад холбогдох оролцогч талуудтай харилцан, DSA болон түүнтэй ижил төстэй үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг хүчингүй болгох буюу өөрчлөх чиглэлд дэмжлэг авахыг зорих ёстой” гэж “зорилго” хэсэгт тэмдэглэжээ.
Түүнчлэн уг зааварт DSA-г өөрчлөх тухай тодорхой санал, АНУ-ын дипломатууд ашиглах ятгалгын гол цэгүүдийг багтаасан байна.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч уг дипломат захидлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч:
“Үг хэлэх эрх чөлөө бол Европын холбооны орнуудын хувьд үндсэн эрх юм. DSA-г цензур тогтоож байна гэх нь үндэслэлгүй” гэж мэдэгджээ.
2025 оны 3-р сард Европын өрсөлдөөний болон технологийн асуудал хариуцсан удирдлагууд АНУ-ын хууль тогтоогчдод DSA нь АНУ-ын компаниудыг онилсон зүйл огтхон ч биш гэдгийг тайлбарлаж байсан.
Мөн Европын тал АНУ-тай хийж буй худалдааны яриа хэлэлцээрт DSA болон Digital Markets Act (DMA)-ийг оруулахгүй хэмээн мэдэгдэж байжээ.
“Манай хууль тогтоомж өөрчлөгдөхгүй. DSA, DMA-г АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрт тусгахгүй” гэж Европын Комиссын төлөөлөгч Томас Ренье мэдэгдсэн байна.
Энэхүү дипломат заавар нь “Америкийн үг хэлэх эрхийн уламжлал”-ыг дэмжих гэсэн Трампын засаг захиргааны стратегийн нэг хэсэг бөгөөд АНУ-Европын харилцаанд дахин хурцадмал байдал үүсгэхээр байгаа юм.
Тухайлбал, 2-р сард Дэд ерөнхийлөгч Ванс Европын аюулгүй байдлын Мюнхений бага хурал дээр Европын удирдагчдыг “цензур тогтоож, ардчиллаас ухарч байна” хэмээн шүүмжилж, Германы баруун жигүүрийн AfD намын удирдлагуудтай уулзсан нь Европын талд цочрол төрүүлсэн аж. Уг намыг Германы дотоодын тагнуулын алба “экстремист үзэлтэй” гэх ангилалд багтаасан байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Бүгд Найрамдах намаас өмнөх Ерөнхийлөгч Жое Байдены засаг захиргааг сошиал платформ дээр үг хэлэх эрхийг хааж боосон гэж олон удаа буруутгаж ирсэн. Гэхдээ АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн жил уг харилцаа холбоо нь Үндсэн хуулийн үг хэлэх эрхийн заалтыг зөрчөөгүй гэж үзсэн.
Төрийн департаментын шинэ зааварт АНУ-ын дипломат төлөөлөгчдийг “цензуртай холбоотой” бүх тохиолдлыг судалж, ялангуяа Америкийн иргэд, компаниудад нөлөөлсөн хэргүүдийг нэн тэргүүнд судлахыг даалгажээ. Үүнд баривчилгаа, шүүхийн хэрэг, эд хөрөнгийн хураалт, онлайн хаягийн хаалт зэрэг орно.
“Элчин сайдын яам, консулын газар бүр засгийн газрын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, нэр бүхий иргэдтэй уулзаж, цензурын жишээ, тохиолдлыг бүртгэж, илгээх ёстой” гэж зааварт дурджээ.
2025 оны 3-р сард АНУ-ын Холбооны "Харилцаа Холбооны Комисс"-ийн дарга DSA-г Америкийн үг хэлэх эрхийн уламжлалд нийцэхгүй гэж шүүмжилсэн. 5-р сард Рубио Америкчуудын хэлсэн үгийг “цензурдсан” гадаадын албан тушаалтнуудын визийг цуцлах талаар анхааруулж байв.
Meta (Facebook, Instagram), Alphabet (Google), Amazon зэрэг АНУ-ын технологийн гигантууд DSA-г цензур тогтоож байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Илон Маскын эзэмшдэг нийгмийн сүлжээ болох X (хуучнаар Twitter) ч ижил байр суурьтай байна.
Рубиогийн гарын үсгээ мутарласан захидалд DSA дахь "Хууль бус агуулгын" тодорхойлолт хэт өргөн хүрээтэй гэж үзсэн бөгөөд уг тодорхойлолтыг улс төр, шашны сэдэв бүхий илэрхийллүүдийг хязгаарлахгүй байхаар нарийвчлахыг санал болгожээ.
Мөн дараах зүйлсийг DSA-гаас хасах, өөрчлөхийг дипломатчдад уриалжээ:
Хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагааны журам (Code of Conduct on Disinformation)-ыг цуцлах буюу өөрчлөх
Агуулгын хязгаарлалтад нийцээгүй тохиолдолд оногдуулах торгууль, хариуцлагыг бууруулах
“Итгэмжлэгдсэн мэдүүлэгчид” (trusted flaggers)-ийн тогтолцоог багасгах эсвэл хасах.











