



















ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдэгдэхдээ, Украины дайнд гал зогсоох тухай АНУ-ын саналд зарчмын хувьд дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлсэн ч, тодруулах шаардлагатай олон нөхцөл байгааг дурдсан нь тулааныг богино хугацаанд дуусгах боломжгүйг харууллаа. 2022 оны хоёрдугаар сард ОХУ-аас Украин руу хийсэн довтолгоо олон зуун мянган хүний амь нас үрэгдэж, шархдан, сая сая хүнийг дүрвүүлж, олон хот суурингуудыг сүйрүүлж, Москва ба Барууны хооронд олон арван жил болоогүй хурц сөргөлдөөнийг өдөөсөн юм.
Путины АНУ-ын саналд үзүүлсэн болзолтой дэмжлэг нь Вашингтонтой сайн харилцаа тогтоож, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цаашдын хэлэлцээний үүд хаалгыг нээх зорилготой бололтой.
Гэвч тэрээр олон чухал асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд аливаа тохиролцоо нь энэ дайны гүн шалтгаануудыг хөндөх ёстой гэж онцлов.
"Бид байлдааны ажиллагааг зогсоох тухай саналтай санал нийлж байна. Энэ санаа нь зөв бөгөөд бид үүнийг гарцаагүй дэмжинэ" гэж Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн уулзалтын дараах Кремлийн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
"Гэвч энэ гал зогсоох нь урт хугацааны энх тайван авчрах, хямралын анхны шалтгаануудыг шийдвэрлэх чиглэлтэй байх ёстой." гэжээ.
Мөн тэрээр шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг дурдан, дайныг дуусгахаар хичээж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт талархал илэрхийлсэн байна. Москва, Вашингтон аль аль нь энэ мөргөлдөөнийг гуравдугаар дайн руу хүргэх аюултай "Төлөөллийн дайн" гэж үзэж байгаа юм.
Трамп Путинтэй утсаар ярих боломжтой гэж мэдэгдэж, Путины мэдэгдлийг "маш найдвар төрүүлсэн" хэмээн нэрлээд, ОХУ зөв шийдвэр гаргана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Мөн Трампын хэлснээр, түүний тусгай элч Стив Виткофф Москва хотод оросуудтай АНУ-ын саналын талаар ноцтой яриа хэлэлцээ хийж байгаа аж. Украины тал уг саналд аль хэдийн зөвшөөрсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп:
"Өнөөдөр болж буй яриа хэлэлцээнээс ОХУ хэлэлцээр хийхэд бэлэн эсэх нь тодорхой болно. Хэрэв бэлэн биш бол энэ нь дэлхий нийтэд маш том урам хугарах мөч болох болно" гэжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский:
"Путин гал зогсоох саналыг няцаах гэж байгаа ч Трампд үнэнээ хэлэхээс айж байна. Тиймээс тэд гал зогсоох саналд хэрэгжих боломжгүй нөхцөлүүд тулгаж байна" гэж өнгөрсөн шөнийн видео мэдэгдэлдээ онцолсон байна.
Путины эсэргүүцэл нь Украины үлдсэн хүчийг баруун Оросоос шахан гаргах хугацаа авах зорилготой байж болзошгүй. Москва Киевээс Оросын мэдэлд буй газар нутгийг бүрмөсөн өгөхийг шаардаж буй бол Украин үүнийг эрс эсэргүүцэж байна.
Украин, түүний холбоотнууд 2022 оны дайныг "Колоничлолын шинжтэй газар нутгийн булаан эзлэлт" гэж үздэг бөгөөд Зеленский Оросын хүчнийг ялахаа амласан хэвээр байгаа юм.
Оросын цэргийн хүчин Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг хяналтдаа байлгаж байгаа бөгөөд 2024 оны дунд үеэс хойш байлдааны шугамаар урагшилсаар байна.
Доналд Трамп өөрийн засаг захиргаа Украин ямар газрыг хадгалж, ямар газрыг алдах талаар, мөн томоохон цахилгаан станцын ирээдүйн талаар хэлэлцэж буйг дурдсан. Тэрээр нэр дурдаагүй ч энэ нь Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Оросын эзэмшилд байгаа Запорожийн станц байж болзошгүй юм.
Путин энэ мөргөлдөөн нь Баруунтай хийх "орон зай, эрх ашгийн тулалдаан" гэж үздэг ба Баруун НАТО-г өргөжүүлж, Украин зэрэг орныг өөрийн нөлөөллийн хүрээнээс гаргасан нь энэ дайны гол шалтгаан хэмээн үздэг.
Путин мөн:
"Оросын цэргүүд фронтын дагуу урагшилж байна. Гал зогсоох болбол Украины тал үүнийг цэргээ бэхжүүлэхэд ашиглахгүй гэх баталгаа яаж өгөх вэ? Гал зогсоохыг хэрхэн хянах вэ? Энэ бол маш чухал асуудлууд" хэмээн хэлжээ.
Тэрээр Трамп руу утсаар залгаж магадгүйгээ мөн дурдсан байна.
АНУ мягмар гарагт Украинтай зэвсэг, тагнуулын туслалцаагаа сэргээхээр тохиролцсон. Саудын Арабт болсон хэлэлцээний үеэр Украины тал гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн билээ.
Саудын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэхдээ, уг хэлэлцээний дараа Саудын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бин Салман Путинтай утсаар ярьж, Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Сүүлийн өдрүүдэд Оросын арми Курск мужид түргэн давшилт хийж, Украины хил давах оролдлогыг няцаасан байна.
Лхагва гарагт Путин ховорхон тохиолдох цэргийн дүрэмт хувцас өмсөж, Курск дэх командын төвд очсон.
"Бид 30 хоног гал зогсоолоо гэж бодъё, энэ юу гэсэн үг вэ? Тэнд байгаа бүх хүн зүгээр яваад өгөх үү?" гэж Путин асуужээ.
Оросын армийн мэдээлснээр, Украин одоогоор Курск мужид 200 км.кв газартай үлсэн бөгөөд өмнө нь 1,300 км.кв газар эзэлж байсан юм.











