



















Өчигдөр өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь дайныг зогсоож, барьцаанд үлдсэн хүмүүсийг суллах тохиролцооны талаар өөдрөг байр суурь илэрхийлэв. Гэхдээ ямар нэг тодорхой, дэлгэрэнгүй төлөвлөгөөний талаар дурдаагүй байна.
“Би Газын зурвас дахь дайныг дуусгавар болгох маш боломжийн гэрээ хийчих байх гэж бодож байна, гэрээ хийхэд маш ойрхон байна. Энэхүү гэрээ удахгүй үзэглэгдэх байх” гэж Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.
“Энэ бол барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээ байх болно” гэж тэр тодруулаад “Энэ бол дайныг дуусгах гэрээ байх болно” гэжээ.

Түүний мэдэгдэл нь Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс Израиль “Хамасыг бүрмөсөн устгах ажлаа дуусгана” гэж мэдэгдсэний дараа гарсан аж.
Энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Дональд Трамп болон АНУ-ын өндөр албан тушаалтнууд Газын зурвасын дайныг дуусгах 21 заалт бүхий энхийн төлөвлөгөө санал болгосон байна.
АНУ-ын санал болгосон энэхүү төлөвлөгөө нь нийтэд зарласан хэд хэдэн зарчмыг агуулсан бөгөөд үүнд бүх барьцаалагдсан хүмүүсийг суллах, дайныг зогсоох зэрэг багтсан гэж уг асуудлаар нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээлсэн юм.
Мөн уг төлөвлөгөөнд Хамас эрх мэдэлгүйгээр Газыг хэрхэн удирдах загвар, Израиль Газын зурвасаас цэргээ аажмаар татах санал багтсан байна.
Мягмар гарагт Дональд Трамптай уулзсан Арабын удирдагчид энэ төлөвлөгөөний томоохон хэсгийг дэмжсэн боловч өөрсдийн нэмэлт саналуудаа тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж хоёр бүс нутгийн дипломатч ярьжээ.
Дональд Трамп өмнө нь ч энэ олон жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох шийдэлд ойртсон гэж итгэлтэй мэдэгдэж байсан боловч тохиролцоонууд нь унаж байсан удаатай.
Гэсэн ч тэрбээр энэ зөрчил хурдан дуусна гэж найдсаар байгаа бөгөөд даваа гарагт Израйлийн Ерөнхий сайд Нетаньяхутай Цагаан ордонд уулзахаар төлөвлөж байна.











